• (+976) 11-312458
  • mongolia@ozone.mn
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ОЗОНЫ ҮНДЭСНИЙ АЛБАНЫ ИЛГЭЭЛТ
Та бүхний амар амгаланг айлтгая!
 
Хүн бүхэн цэвэр, эрүүл орчинд амьдрах, ажиллах хүсэлтэй.Тэр нь Монгол Улсад Үндсэн хуулиар хамгаалагдаж, Дэлхий дахинд Хүний эрхийн түгээмэл тунхаглалд ил тод туссан байдаг. Таны амьдрах цэвэр, эрүүл орчны нэг хэсэг нь Нарнаас ирэх хэт ягаан туяаны хөнөөлөөс хүн амыг хамгаалах асуудал. Нарны хэт ягаан туяаны хортой нөлөөгөөр хүн амын дархлаа суларч, арьсны өмөн үүгээр өвчилж, нүдний болор цайж гэмтдэг. Тэгвэл тэр хэт ягаан туяаг өөртөө шингээж газар Дэлхийд нэвтрүүлэхгүй хамгаалж байх хийн бүрхүүл буюу хүчилтөрөгчийн гурван атом (О3)-аас бүрдэх Озоны давхаргыг манай Дэлхийн агаар мандал 400 сая жилийн өмнө бий болгожээ. 
 
Гэвч хүмүүсийн өдөр тутмын хэрэглээнд байгаа хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмж, хөөсөнцөрт ашиглаж байгаа хлорфтортнүүрстөрөгч (CFCs), гидрохлорфторт нүүрстөрөгч (HCFCs) зэрэг химийн бодисуудын нөлөөгөөр агаар мандлын дээд давхаргад орших Озоны давхарга гэмтэж, Нарны хэт ягаан туяаг Дэлхийн гадаргад нэвтрүүлэн хүн төрөлхтөний эрүүл мэндийг муутгах аюул заналыг учруулдаг. Иймд дэлхийн хамтын нийгэмлэг агаар мандал дахь озоны давхаргыг хамгаалах талаар нэгдсэн ойлголцолд хүрч, хүчин чармайлт гаргаж, хамтын хүчээр озоны давхаргад нөлөөтэй хөргөлт, агааржуулалт, хөөсөнцөрт хэрэглэж байгаа химийн бодисын хэрэглээг үе шаттайгаар бууруулах, мөн түүний зэрэгцээ тэдгээрийг озоны давхаргад нөлөөгүй өөр төрлийн орлуулах бодисоор сольж байна. Гэвч тэдгээр химийн бодисын нилээд хэсэг нь Дэлхийн дулааралд мөн адил үлэмж нөлөөтэй хүлэмжийн хийн хэмжээг нэмэгдүүлдэг. 
 
Иймд озоны давхарга болон дэлхийн дулааралд нөлөөтэй химийн бодисуудын хэрэглээг байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй шинэ төрлийн бодис, технологиор солих энэхүү нэн ээдрээтэй, олон талын оролцоотой ажлыг улс орон бүрийн Байгаль орчны төрийн захиргааны төв байгуулага болон түүний харьяа НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн шууд удирдлагатай Озоны давхаргыг хамгаалах үндэсний албад хариуцан гүйцэтгэдэг.Бид энэхүү цахим хуудасаараа та бүхэнд озоны давхаргыг хамгаалж өөрийнхөө эрүүл мэндийг тэрхүү аюулаас урт хугацаанд хамгаалахтай холбоотой мэдээлэл, шинэ мэдээ, дэлхий нийтэд шинээр гарч, амьдрал, үйл ажиллагаанд  нэвтэрч байгаа шилдэг арга ажиллагаа, дэвшилтэт орлуулах технологи зэргийг хүргэж байх болно. 
 
Гэгээн гэрэлт Монгол Улсын Эрхэм иргэд Та бүхэн өөрсдийнхөө болон үр хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалах талаар бидний үйлсийг дэмжиж хамтран ажиллахыг хүсье. Та бүхний ирээдүй гэрэл гэгээтэй байх болтугай. 
 
БОАЖЯ-ны Озон үндэсний алба 
2021-07-07 20:32:33