• (+976) 11-312458
  • mongolia@ozone.mn
Бидний тухай
1970 ­аад оноос эрдэмтэд дэлхий гарагийг нарнаас ирдэг өндөр энергитэй хэт ягаан туяа (UV)­наас хамгаалдаг озон (O3)­ы давхарга хэвийн хэмжээнээс багасч, нимгэрч байгааг олж мэдсэн. Озоны давхаргын байгалийн бус нимгэрэл нь хүн төрөлхтөн үйлдвэрийн аргаар гаргаж авсан галогент химийн бодисуудын хэрэглээнээс шалтгаалсан бөгөөд озоны давхарга нимгэрснээр газрын гадаргад ирж байгаа хүний эрүүл мэнд, ургамал, далайн амьтдын төрөл зүйлд сөрөг нөлөөтэй хэт ягаан туяаны хэмжээ нэмэгдэх нөхцөлийг бий болгодог. Энэ үзэгдлийг озоны “цоорхой” гэж нэрлэх ба байгалийн нөхцөлөөс хамаараад өмнөд туйл (Антрактид тив) дээрх озоны давхарга хамгийн ихээр цоорсон байна. 
 
Хүн төрөлхтөний өмнө тулгараад байгаа энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ) 1985 онд “Озоны үе давхаргыг хамгаалах тухай Венийн конвенц”, 1987 онд тус конвенцын “Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протокол”-ыг тус тус баталж, озоны цоорхойг багасгах, улмаар хэвийн хэмжээнд оруулах үйл ажиллагааг дэлхий нийтийн хэмжээнд зохион байгуулж эхэлсэн. Эдгээр олон улсын гэрээ, хэлэлцээрийг Монгол улсын Улсын Их Хурал 1996 онд соёрхон баталж, Тал улс орон болсон ба нийт 196 орон болон Европын Холбоо нэгдэж орсон байдаг. 
 
Тал - улс орны хүлээсэн үүргийг биелүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар “Озоны үе давхаргыг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг 1999 оны 129 дүгээр тогтоолоор баталж, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, уг асуудлаар яам, салбар хооронд зохицуулалт хийх үүрэг бүхий Озоны үндэсний хороог байгуулж ажиллахыг үүрэг болгосны дагуу Байгаль очин, аялал жуулчлалын яамнаас зохих үйл ажиллагааг хэрэгжүүлж байна . 
 
Олон улсын түвшинд Монреалийн протоколыг хэрэгжүүлэх Олон талт сангийн Гүйцэтгэх хороо, Озоны нарийн бичгийн дарга нарийн газраас дэлхийн 147 оронд Озоны үндэсний алба (ОҮА)­ыг байгуулж, улс орнуудын Засгийн газарт пртоколоор хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлж байна. Тус алба нь НҮБ­ын Байгаль орчны хөтөлбөр (БОХ)­өөс Монреалийн протоколын Тал улс орнуудад хэрэгжүүлдэг “Монреалийн протолколыг хэрэгжүүлэх, удирдлага, зохион байгуулалтыг бэхжүүлэх нь” төслийн санхүүжилтээр үндэсний хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
 
Озоны үндэсний алба нь Монгол Улсын Агаарын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 хэсэгт заасны дагуу тухайн жилд импортлох озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийн тоо хэмжээг жил бүр тогтоож, эдгээр бодис, тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглах зөвшөөрлийг Засгийн газрын 1999 оны 104 дүгээр тогтоолоор батлагдсан “Озон задалдаг бодисыг импортлох, ашиглах зөвшөөрөл олгох журам”-ын дагуу олгон ажилладаг. 
 
Монреалийн протоколоор хүлээсэн үүргийнхээ дагуу озон задлах чадвар өндөртэй хлортфторт нүүрстөрөгч (ХФН/CFC)­ийн төрлийн болон Монреалийн протоколын A, B хавсралтуудад орсон бусад бодисын импорт, хэрэглээг 2010 онд бүр мөсөн хориглосон болно. 2013 оноос хойш озон задлах чадвартай гидрохлортфторт нүүрстөрөгч (ГХФН/HCFC)­ийн төрлийн бодисын импорт, хэрэглээг үе шаттай бууруулсаар 2030 онд бүр мөсөн хэрэглээнээс халах зорилготой “ГХФН/HCFC төрлийн бодисыг үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөр”­ийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Цаашлаад Монреалийн протоколын Кигалийн нэмэлт өөрчлөлтийн дагуу дэлхийн дулааралд нөлөөлөх чадвартай гидрофторт нүүрстөрөгч (ГФН/HFC)­ийн төрлийн бодисын импорт, хэрэглээг үе шаттай бууруулах ажлыг зохион байгуулж ажиллах болно.
 
Озоны үндэсний албанаас хэрэгжүүлдэг ажлууд:
  • ГХФН/HCFC төрлийн бодисын импорт, хэрэглээг үе шаттай бууруулахад хяналт тавих;
  • Озон задалдаг бодис (ОЗБ) болон түүнийг орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмж, бүтээгдэхүүний импортын зөвшөөрөл олгох;
  • ОЗБ болон түүнийг орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмж, бүтээгдэхүүний импортолдог иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын импорт, хэрэглээ, ашиглалтад хяналт тавих, бүртгэл, тооллого хийх;
  • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ), Гаалийн ерөнхий газар (ГЕГ) болон төрийн бусад холбогдох байгууллагын мэргэжилтэн, албан хаагчдад ОЗБ болон түүнийг орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнтэй холбоотой сургалт зохион байгуулах;
  • ОЗБ болон орлуулах бодис агуулсан хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжид зөв зохистой засвар үйлчилгээ хийх мэргэжлийн техникийн ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх сургалтыг Монголын хөргөлт, халаалт, агааржуулалтын холбоо (МХХАХ), “Мастер чадамж” сургалтын төв, Технологийн дээд сургуультай хамтран зохион байгуулах;
  • Озоны давхаргыг хамгаалахын ач холбогдол, ОЗБ ба түүнийг орлуулах бодисууд, дэлхийн дулааралд нөлөөтэй хүлэмжийн хийний талаарх мэдээ, мэдээллийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад тогтмол хүргэх;
  • ОЗБ болон түүнийг орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн импортолдог иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад байгаль орчинд ээлтэй орлуулах бодис ба түүнийг агуулсан тоног төхөөрөмж, технологийн талаарх мэдээ, мэдээллийг түгээх, зөвлөгөө өгөх;
  • Иргэд, хэрэглэгч нарт ОЗБ-гүй бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж сонгох, мэргэшсэн хөргөлт, агааржуулалтын техникийн ажилтнаар завсар үйлчилгээ хийлгэх талаар мэдээ, мэдээлэл, зөвлөмж түгээх;
  • Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг БОАЖЯ­ны холбогдох газарт болон НҮБ­ын БОХ, Озоны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга нарын газар, Олон талт сан зэрэг олон улсын байгууллагуудад цаг тухайд нь тогтмол тайлагнах;
  • Мөн ОЗБ болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжтэй холбоотой шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн сүүлийн үеийн мэдээллүүдээр төрийн холбогдох байгууллага, иргэд, аж ахуйн нэгжийг хангаж, дээрхтэй холбоотой Монгол Улсад хэрэгжиж буй хууль тогтоомж, бодлого, стандартыг бэхжүүлэх;
Хамт олон
 
Захирал: Доктор, профессор Ц.Адъяасүрэн / Байгаль орчны гавъяат ажилтан /
Ахлах мэргэжилтэн: Д.Дуламсүрэн
Мэргэжилтэн: О.Болор-Эрдэнэ 
Мэргэжилтэн: Д.Удвал

 

2021-06-28 12:44:14