• (+976) 11-312458
  • mongolia.ozone@gmail.com
“Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколыг хэрэгжүүлэх, удирдлага зохион байгуулалтыг бэхжүүлэх” төсөл
Төслийн зорилго нь “Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протокол”-ын хэрэгжилтийг хангах, удирдлага зохион байгуулалтаар хангах, озон задалдаг бодисын хэрэглээг үе шаттай бууруулж, хэрэглээнээс халах, одоогоор өргөн хэрэглээнд ашиглаж буй озон задалдаг болон дэлхийн дулааралд нөлөөтэй хөргөх бодисыг хүрээлэх орчинд ээлтэй өөр төрлийн шинэ бодис, технологиор орлуулахад Засгийн газарт дэмжлэг үзүүлэхэд оршино.
 
Төслийн үйл ажиллагаа: 
 
  1. Озон задалдаг гидрохлортфторт нүүрстөрөгч (ГХФН/HCFC)-ийн төрлийн бодист импортын квот тогтоож, Засгийн газрын 2018 оны 277 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан “Озон задалдаг бодис (ОЗБ) болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглах тусгай зөвшөөрөл олгох журам”-ын журмын хэрэгжилтийг хангах; 
  2. ГХФН/HCFC-ийн төрлийн бодисыг үе шаттай бууруулахын тулд холбогдох Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагтай хамтарч хяналтын арга хэмжээг хэрэгжүүлэх; 
  3. ГХФН/HCFC-ийн төрлийн бодисын хууль бус худалдаанаас урьдчилан сэргийлэх;
  4. Монреалийн протоколын нэмэлт өөрчлөлтүүдийг соёрхон батлах ажлыг зохион байгуулах;
  5. ГХФН/HCFC-г үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөр (HPMP)-ийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх;
  6. Озоны давхаргыг хамгаалах асуудал, ОЗБ болон бусад орлуулах бодис, хүлэмжийн хий, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар олон нийтийн сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулах; 
  7. Мэдлэг, мэдээлэл, танилцуулгын хүртээмжийг өргөн хүрээнд нэмэгдүүлэх арга хэрэгслийг бий болгох, түгээх зорилгоор үндэсний хэмжээнд зохион байгуулж буй семинар, бусад үйл ажиллагаануудад оролцох; 
  8. Озоны давхаргыг хамгаалах олон улсын өдрийн арга хэмжээг зохион байгуулах;
  9. Монреалийн Протоколын 7 дугаар заалтын шаардлагын дагуу Озоны нарийн бичгийн дарга нарын газарт ОЗБ-ын хэрэглээний өмнөх жилийн тайлан мэдээг бэлтгэж жил бүрийн 6 дугаар сарын 30-ны дотор тайлагнах;
  10.  “Озоны давхрагыг хамгаалах Үндэсний хөтөлбөр”- ийн үйл ажиллагааны хэрэгжилтийн бүтэн жилийн тайлан мэдээ бэлтгэж, Монреалийн протоколын Олон талт сангийн нарийн бичгийн дарга нарын газарт 4 дүгээр сарын 30-ны дотор тайлагнах;
  11. Үндэсний хөтөлбөр, төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийн жилийн эцсийн болон явцын тайлангуудыг нэгтгэн боловсруулж, Төрийн захиргааны төв байгууллага болон Олон улсын байгууллагад хүргүүлэх;
Төслийн үйл ажиллагааны төлөвлөгөө болон санхүүжилтийг хоёр жилд нэг удаа шинэчлэн баталдаг бөгөөд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, БОАЖЯ-аас төслийн үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.  
 
Төслийн үндэсний зохицуулагч Ц.Адъяасүрэн 
2021-06-28 15:31:31