• (+976) 11-312458
  • mongolia.ozone@gmail.com
2023 оны 06 сарын 13-ны өдөр “Озон задалдаг бодис, дэлхийн дулааралд өндөр нөлөөтэй орлуулах бодисын импорт, экспортод хяналт тавих, хууль бус худалдаанаас урьдчилан сэргийлэх” сургалт-хэлэлцүүлгийг танхим, цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулав.

Зохион байгуулагч: БОАЖЯ-ны Озоны үндэсний алба, Гаалийн ерөнхий газар

Дэмжигч байгууллага: НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр

Монреалийн Протоколыг хэрэгжүүлэхэд “Озон задалдаг бодис, дэлхийн дулааралд өндөр нөлөөтэй орлуулах бодисын импорт, экспортод хяналт тавих, хууль бус худалдаанаас урьдчилан сэргийлэх” сургалт-хэлэлцүүлгийг танхим болон цахимаар хослуулан гааль, холбогдох яамдын салбарын хяналтын газар, экологийн цагдаагийн албаны байцагчдад зориулан Озоны үндэсний алба болон Гаалийн ерөнхий газар хамтран Гаалийн ерөнхий газрын хурлын танхимд 09:00-13:00 цагийн хооронд амжилттай зохион байгуулав.

Уг сургалт-хэлэлцүүлэгт ГЕГ-ын Гаалийн хяналт шалгалтын газар, Гаалийн хорио цээрийн газар, Улаанбаатар хот дахь гаалийн газар, Чингис Хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар, бусад алслагдсан байршил дахь гаалийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамдын Салбарын хяналтын газар, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны нийт 65 байцаагчид оролцлоо. Нийт оролцогчдын 43 эмэгтэй (66.2%), 22 эрэгтэй (33.8%).

БОАЖЯ-ны Озоны үндэсний албаны захирал проф.Ц.Адъяасүрэн сургалтыг нээж озон задалдаг бодис, Дэлхийн дулааралд өндөр нөлөөтэй орлуулах бодисын импорт, экспортод хяналт тавих, мөн хууль бус худалдаанаас урьдчилан сэргийлэхэд гааль, холбогдох яамдын салбарын хяналт болон экологийн цагдаагийн албаны байцаагчдын нягт хамтын ажиллагаа, оролцоо, нарийн мэдлэг ур чадвар чухал үүрэгтэй болохыг онцлов. Мөн Гаалийн ерөнхий газрын дэд дарга Г.Энхтайван сургалт-хэлэлцүүлэгт оролцож буй нийт оролцогч нарт хандан 2000 оноос хойш Озоны үндэсний албатай хамтран 1200 гаруй гаалийн албан хаагчдыг сургалтад хамруулсан нь гаалийн нийт албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээр хамрагдсан гэж ойлгоход болохуйц байгаа талаар дурьдав. Мөн алслагдсан байршилд ажиллаж байгаа газар, хороодын хорио цээрийн чиглэл хариуцсан байцаагч нарт зориулж Озоны үндэсний албанаас сургалтын материалыг бичлэг хэлбэрээр бэлтгэж байгаа тул цаашид энэ сургалтыг орон зай, цаг хугацаанаас үл хамаараад ажлын байранд ашиглах боломжтой болж байгаа нь чухал ач холбогдолтой болохыг илэрхийлэв.

БОАЖЯ-ны Озоны үндэсний алба, Гаалийн хяналт шалгалтын газар, Татварын орлогын газрын бүрэлдэхүүн бүхий сургагч багш нар доорх сэдвүүдийн хүрээнд сургалтыг зохион байгуулав:

  • Олон улсын хариу арга хэмжээ ба озоны давхаргыг хамгаалахад хил, гааль, салбарын хяналтын байцаагчдын гүйцэтгэх үүрэг;

  • Озон задалдаг бодис болон орлуулах бодист зөвшөөрөл олгох тогтолцоо, тусгай зөвшөөрлийн тогтолцооны хэрэгжилт;

  • Озон задалдаг болон бусад орлуулах бодисын талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга хэмжээ, эрсдэлд суурилсан гаалийн хяналт;

  • Озон задалдаг болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийн гаалийн бүрдүүлэлтэд шаардлагатай мэдээлэл, барааны ангиллыг тодорхойлох, хаяг, шошго сав, баглаа боодлын төрөл;

Сургалтын төгсгөлд дараах хоёр сэдвээр хэлэлцэж санал солилцов.

Сэдэв 1: Зах зээл дэх хөргөх бодисын хууль бус худалдаа байж болзошгүй тохиолдолууд

Сэдэв 1-ийн хэлэлцүүлгийн үр дүнд:

ЗГ-ын 296 дугаар тогтоол “Химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлэх боомтын жагсаалт”-ыг нэмэгдүүлэх саналыг гаргаж БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газарт уламжлахаар болов.

Сэдэв 2: Гаалийн бүрдүүлэлт, хяналттай холбоотой тохиолдолууд

Сэдэв 2-ын хэлэлцүүлгийн үр дүнд:

Хориглосон болон хязгаарласан бодис агуулсан галын хорыг ЗГ-ын 2018 оны 277 дугаар тогтоол болон 2001 оны 54 дүгээр тогтоолыг баримтлан хилээр нэвтрүүлэхийг хязгаарлана гэдгийг Гаалийн ерөнхий газар болон Озоны үндэсний албанаас тодруулга өгөв.

Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан барааг бичиг баримтын байцаагч болон хилийн хорио цээрийн байцаагчид бичиг баримт болон ОЗБ тодорхойлох багажыг тогтмол ашиглах, шалгахыг анхааруулав.  

Хяналт шалгалтын байцаагчид хөргөх бодисын нэршил, таних тэмдэг, нэмэлт мэдээллийг хяналт шалгалт хийж байгаа үед таньж мэдэхэд хүндрэлтэй байдаг тул нийт хөргөх бодисууд тэдгээрийн мэдээллийг багтаасан QR үүсгэж түгээх нь аливаа зөрчил гарахаас сэргийлэх боломжтой талаар санал гаргав.

Сургалт-хэлэлцүүлгийн үр дүнд гааль, холбогдох яамдын салбарын хяналтын газар болон экологийн цагдаагийн албаны байцаагчид Монреалийн Протокол, олон улсын хариу арга хэмжээ, озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийн зөвшөөрлийн үндэсний тогтолцоо түүнтэй холбоотой хууль тогтоомж, хяналт шалгалт, бусад холбогдох мэдлэг, мэдээллийг авч чадавхаа бэхжүүлснээс гадна хэлэлцүүлгийн сэдвийн хүрээнд цаашид озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийн хил, гаалийн хяналт шалгалтыг хэрхэн бэхжүүлж, хэрэгжүүлэх мөн хууль бус худалдаанаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар санал солилцов.

2023-06-13 15:00:00