• (+976) 11-312458
  • mongolia@ozone.mn; mongolia.ozone@gmail.com
БАРИЛГЫН ДУЛААЛГЫН ХӨӨСӨНЦӨР ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРТ УУР АМЬСГАЛД ЭЭЛТЭЙ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭХ СЕМИНАР БОЛЛОО.

Улаанбаатар хот, 2026 оны 4 дүгээр сарын 29. “Гидрохлорфторт нүүрстөрөгч (ГХФН/HCFC) бодисыг үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөр (HPMP)”-ийн II үе шатыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ)-ны Озоны үндэсний алба 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр “Монгол Улсын барилгын дулаалгын хөөсөнцөр үйлдвэрлэлийн салбарт зориулсан мэдээлэл сурталчилгааны семинар”-ыг амжилттай зохион байгуулав.

Уулзалтаар дэлхий нийтээр хөөсөнцөр үйлдвэрлэлийн салбарт хөөсрүүлэгч бодис (foam blowing agent) хэлбэрээр өргөн хэрэглэдэг ГХФН/HCFC болон ГФН/HFC бодисуудыг халах, тэдгээрийг орлуулах уур амьсгалд ээлтэй, уламжлалт бодис агуулаагүй дэвшилтэт технологид шилжих боломжийг хэлэлцлээ.

Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколын Кигалийн нэмэлт, өөрчлөлт (КНӨ)-ийн хүрээнд хөөсөнцөр үйлдвэрлэлийн салбар дахь ГФН/HFC-ийн хэрэглээг (цэвэр бодис болон урьдчилан хольсон полиол хэлбэрээр) тогтмол хянах, салбарын бодит мэдээллийг цуглуулах шаардлага үүсэж байна. Иймд дотоодын үйлдвэрлэгчидтэй шууд хамтран ажиллаж, уур амьсгалд ээлтэй орлуулах бодис бүхий технологид шилжих боломжит шийдлүүдийг тодорхойлох нь тус семинарыг зохион байгуулах гол үндэслэл болсон юм.

Семинарт БОУАӨЯ-ны Хүрээлэн буй орчны хамгаалал, хөтөлбөрийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн С.Оюунзул, Агаарын бохирдлын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Болор, Озоны үндэсний албаны захирал Проф. Ц.Адъяасүрэн, ахлах мэргэжилтэн, HPMP хөтөлбөрийн зохицуулагч Д.Дуламсүрэн нар оролцлоо.

Мөн Монголын Барилгын Материал Үйлдвэрлэгчдийн Холбооны Гүйцэтгэх захирал Г.Цэрмаа, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн OzonAction CAP хөтөлбөрийн менежментийн ажилтан Андреа Осси Перретта, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО/UNIDO)-ын Монреал протокол ба тогтвортой хөргөлтийн нэгжийн дарга Лиаззит Раббиоси, Олон улсын шинжээч Проф., Доктор Мигель Анхель болон барилгын дулаалгын хөөсөнцөр материал, полиуретан бүрхүүл үйлдвэрлэгчид, ГЕГ, ТТДС зэрэг холбогдох байгууллагуудын 22 төлөөлөгч оролцож, мэдлэг мэдээллээ хуваалцав.

Семинараар оролцогчдод дараах гол агуулгын хүрээнд мэдээлэл хүргэлээ.

  • Бодлогын орчин: Кигалийн нэмэлт, өөрчлөлт (КНӨ)-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний I үе шатны тойм болон Монреалийн протоколын хөөсөнцрийн салбарт үзүүлэх хамаарал.
  • Салбарын өнөөгийн байдал: Монгол Улсын хөөсөнцөр үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй асуудлууд.
  • Техникийн шийдэл: ГХФН/HCFC болон ГФН/HFC-ийг орлуулах, Дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар (ДДНЧ) багатай дэвшилтэт хувилбарууд, олон улсын туршлага.

Семинараас гарсан гол үр дүн:

  1. Мэдлэг, ойлголт дээшлэв: Оролцогч талууд ГФН/HFC бодисын хэрэглээг үе шаттайгаар бууруулах улс орны хүлээсэн үүрэг хариуцлага болон уур амьсгалд ээлтэй шинэ орлуулах технологийн талаарх нэгдсэн ойлголттой боллоо.
  2. Түншлэл бэхжив: Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP), НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО/UNIDO) болон дотоодын хөөсөнцөр үйлдвэрлэгчдийн хоорондын хамтын ажиллагааны гүүр бэхжилээ.
  3. Тэргүүлэх чиглэлээ тодорхойлов: Цаашид Монгол Улсын хөөсөнцөр үйлдвэрлэлийн салбарыг байгаль орчинд ээлтэй технологид шилжихэд шаардлагатай техникийн болон бодлогын дэмжлэгийн тэргүүлэх чиглэлүүдийг талууд хамтран тодорхойлов.

Үйл ажиллагааны төгсгөлд барилгын дулаалгын хөөсөнцөр болон дулаан дамжуулах хоолойн хөөсөнцөр полиуретан бүрхүүл үйлдвэрлэгчид нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, шинэ технологи нэвтрүүлэхэд тулгарч буй сорилт, боломжуудын талаар санал солилцсон үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө.

 

 

2026-05-27 14:14:06