Жил бүрийн 9 дүгээр сарын 16-ны өдрийг Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр болгон Дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Дэлхий нийтээрээ энэхүү өдрийг тохиолдуулан озоны давхаргыг хамгаалах, олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологи, тогтвортой хөргөлтийг дэмжих чиглэлээр олон төрлийн арга хэмжээг зохион байгуулдаг. 2026 оны Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдрийг “Сэрүүн Дэлхийн төлөөх олон улсын хамтын ажиллагаа” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.
Энэ жилийн үйл ажиллагаанд озоны давхаргыг хамгаалах болон уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хөргөлт, агааржуулалтын салбарын мэргэшсэн инженер, техникийн ажилтнуудын гүйцэтгэх чухал үүрэг, хөргөлтийн систем ба кондиционер систем мэргэжлийг таниулах, онцлохын зэрэгцээ, олон нийт, сурагч, оюутан, салбарын оролцогч талуудад мэдээлэл, мэдлэг хүргэхэд түлхүү анхаарлаа.
Үүний хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгууллаа.
Озоны давхаргыг хамгаалах, Монреалийн протокол болон Кигалийн нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсад хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, арга хэмжээ, ололт амжилт, цаашдын зорилт, хориглосон тоног төхөөрөмж, бодисын талаар хэвлэл мэдээллийн байгууллагууд болон олон нийтэд мэдээлэл хүргэлээ. Мөн хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмж сонгох, ашиглахдаа озон болон уур амьсгалд ээлтэй технологийг дэмжих, мэргэшсэн инженер, техникийн ажилтнаар засвар үйлчилгээ хийлгэхийн ач холбогдлыг онцоллоо.

Түүнчлэн озоны давхаргыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үйлсэд идэвхтэй оролцож, байгаль орчинд ээлтэй, ногоон технологийг дэмжин Монгол Улсад нэвтрүүлэхэд хувь нэмрээ оруулж буй Синус Дочи ХХК, Чиглэл ХХК, Пи Си Молл ХХК-д талархлын бичиг гардууллаа.



Оюутан, суралцагчдад озоны давхарга, уур амьсгалын өөрчлөлт, Монреалийн протокол, Кигалийн нэмэлт, өөрчлөлт, Гидрохлорфторт нүүрстөрөгч (ГХФН/HCFC) бодисыг үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөр (HPMP), тусгай зөвшөөрлийн цахим систем болон хөргөлт, агааржуулалт(кондиционер)-ын салбарын талаар мэдээлэл хүргэх нээлттэй лекцийг зохион байгууллаа. Мөн хөргөлт, агааржуулалтын инженер, техникийн ажилтны мэргэжлийн онцлог, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, карьерын боломжийн талаар салбарын инженер танилцуулга хийлээ.

.jpg)

Лаборатори 28 дугаар сургуулийн Эко клубтэй хамтран сурагчдын дунд “АХА” тэмцээнийг зохион байгуулж, озоны давхарга, Монреалийн протокол, озон задалдаг бодис, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны талаарх мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн асуулт, даалгавруудаар мэдлэгийг нь сорилоо. Мөн Озоны үе давхаргыг хамгаалах Венийн конвенцийн 40 жилийн ойд зориулсан богино хэмжээний киног үзүүлж, хөргөлт, агааржуулалт(кондиционер)-ын салбарын мэргэжлийн талаарх танилцуулга хийлээ.







R-22 буюу HCFC-22 агуулсан хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжийн импорт, хэрэглээнд тавигдах хязгаарлалт, тэдгээрийг үе шаттай халж буй шалтгаан, байгаль орчинд ээлтэй хувилбар сонгохын ач холбогдлын талаар олон нийтэд зориулсан богино хэмжээний мэдээллийн бичлэгийг бэлтгэн хүргэлээ.
Холбоос: https://youtu.be/ma8XbfSntBY?si=oMZ5Ze5Y5oiH9O75
Монреалийн протоколын түүх, озоны давхаргын ач холбогдол, озон задарч буй шалтгаан болон дэлхийн улс орнуудын хамтын ажиллагааны талаар өгүүлдэг “The Hole” богино хэмжээний бичлэгийг монгол хэлнээ орчуулан олон нийтэд хүргэлээ. Энэхүү бичлэг нь озоны давхаргыг хамгаалах үйл ажиллагааны ач холбогдлыг энгийн, ойлгомжтой байдлаар хүргэх зорилготой.
Холбоос: https://youtu.be/Ayk2G27YikI?si=mJjtaWjYEyoIvaLN
Иргэд болон оролцогч талуудын Монреалийн протокол, Кигалийн нэмэлт өөрчлөлт, озоны давхаргыг хамгаалах үйл ажиллагаа, хөргөлтийн бодис болон байгаль орчинд ээлтэй буюу озон-уур амьсгалд ээлтэй технологийн талаарх мэдлэг, ойлголтын түвшнийг тодорхойлох зорилгоор богино хэмжээний судалгааг зохион байгуулж байна. Судалгааны үр дүн нь цаашдын мэдээлэл, сурталчилгаа, мэдлэг олгох үйл ажиллагааг төлөвлөхөд ашиглах юм.

Эдгээр үйл ажиллагаагаар дамжуулан озоны давхаргыг хамгаалах дэлхий нийтийн хамтын ажиллагааны ач холбогдлыг таниулахын зэрэгцээ Монгол Улсад Монреалийн протокол болон Кигалийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд салбарын оролцогчид, иргэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, озон болон уур амьсгалд ээлтэй технологийн талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд чиглэсэн мэдээллийг хүргэлээ.
Озоны давхаргыг хамгаалах нь уур амьсгалыг хамгаалахтай салшгүй холбоотой бөгөөд тогтвортой хөргөлтийн ирээдүй бидний хамтын ажиллагаа, зөв сонголтоос хамаарна.
“Сэрүүн Дэлхийн төлөөх олон улсын хамтын ажиллагаа”