Байгаль орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн яамны Озоны үндэсний алба Озоны үе давхаргыг хамгаалах Венийн Конвенцын 40 жил, Дэлхийн Озоны өдрийг тохиолдуулан олон нийтэд мэдээлэл түгээх, хамтын оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээнүүд зохион байгууллаа.
2025 оны 9 дүгээр сарын 16-ны 11:00 цагт хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Монгол Улсын озоны давхаргыг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, ололт амжилт болон цаашдын зорилго, үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд Озоны Үндэсний албаны захирал Доктор, профессор Ц.Адъяасүрэн, ахлах мэргэжилтэн Д.Дуламсүрэн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатарыг төлөөлж Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал, доктор Г.Сарантуяа, Хөргөлтийн шинэ эрин сургалт, судалгааны төвийн захирал, доктор, профессор Ш.Энх-Амгалан, Монголын хөргөлт, халаалт, агааржуулалтын холбоо ГҮТББ-ын ТУЗ-ын дарга Х.Оргил нар оролцлоо.
Энэ үеэр Монреалийн протокол, Венийн конвенцын хэрэгжилт, озон задалдаг бодис болон орлуулах бодисын хэрэглээ, технологийн шинэчлэл, хөргөлтийн салбарын мэргэжилтнүүдэд зохион байгуулж буй сургалт, олон нийтийн оролцооны ач холбогдлыг онцоллоо.
Мөн 9 дүгээр сарын 17-ны 16:00 цагт Озоны үе давхаргыг хамгаалах Венийн конвенцын 40 жил, Дэлхийн Озоны өдрийг тэмдэглэх уулзалтыг Чингис хаан Үндэсний музейд зохион байгууллаа. Уулзалтыг БОУАӨЯ-ны Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газрын дарга Г.Энхмөнх нээж, ОҮА-ны захирал Ц.Адъяасүрэн “Шинжлэх ухаанаас Дэлхий нийтийн үйл хэрэг” сэдэвт лекц тавив. Уулзалтын төгсгөлд хөргөлт, агааржуулалтын салбарын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, озоны давхаргыг хамгаалах олон улсын гэрээ хэлэлцээрийг салбар хоорондын уялдаа холбоог ханган хэрэгжүүлж буй ажилтнуудын үр бүтээл, хичээл зүтгэлийг үнэлж хүндэтгэлийн талархал, Засгийн газрын шагнал гардууллаа.
Эдгээр арга хэмжээгээр дамжуулан Монгол Улс озоны давхаргыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаагаа олон нийтэд хүргэж, иргэд, аж ахуй хамтын оролцоог дэмжин, мэдээ мэдээллээ өргөнөөр түгээсэн юм.