ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ
ДЭЛХИЙН ОЗОНЫ ДАВХАРГЫГ ХАМГААЛАХ ӨДӨР
2022 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 16
Жил бүрийн энэ өдрийг дэлхий даяар Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.
2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Монреалийн Протоколын 35 жилийн ой тохиож байгаа ба Озоны нарийн бичгийн дарга нарын газраас энэхүү олон улсын гэрээний өнөөг хүртэлх ололт амжилтыг үнэлж, онцлон тэмдэглэхийн сацуу “Дэлхий дээрх амьдралыг хамгаалах олон улсын хамтын ажиллагаа (Global cooperation protecting life on earth)” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Энэхүү сэдвийн хүрээнд Монреалийн Протоколын уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлэх нөлөө нь өргөн хүрээтэй төдийгүй, уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэх, дэлхий дээрх амьдралыг ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээхийн тулд хамтран ажиллах, түншлэлийн харилцаа тогтоох, олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг илэрхийлж байна.
Нэгдсэн Үндэстний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Антонио Гутэррэс “Монреалийн Протокол нь олон талт дипломат үйл ажиллагааны хүчирхэг жишээ болж байгаагаараа онцлог юм. Элдэв янзын мөргөлдөөн, хүн амын ядуурал улам бүр нэмэгдэж, тэгш бус байдал гүнзгийрч, уур амьсгалын өөрчлөлтийн аюултай нөхцөл байдал гүнзгийрэх гэх мэт олон тулгамдсан асуудал тулгарч буй энэ үед хүн төрөлхтөн нийтийн ашиг сонирхлын төлөө хамтдаа хүчин чармайлт гаргаж чадвал амжилтад хүрдэг гэдгийг Монреалийн Протоколын хэрэгжилтийн жишээ тодоор харуулж байна. Манай гарагийг хурдацтай дулааруулж буй нүүрстөрөгчийн бохирдлыг зогсоох цорын ганц арга зам бол Монреалийн Протоколын хүрээн дэх олон улсын хамтын ажиллагаа, шуурхай арга хэмжээний үр дүнгээс бусад үйл ажиллагаанууд үлгэр дуурайлал авах хэрэгтэй юм. Бидний өмнө хамтран ажиллах, зохистой арга хэмжээ авах эсвэл хамтдаа сүйрэх сонголт л хүлээж байна. Дэлхийн озоны давхаргыг хамгаалах энэхүү өдрөөр бид уур амьсгалын өөрчлөлт болон бидэнд тулгарч буй нийтлэг сорилтуудыг даван туулахын тулд Монреалийн Протоколын хэрэгжих явцдаа үлгэрлэж чадсан хамтын ажиллагааны жишиг дуурайллыг бэхжүүлэхийн төлөөх нийтлэг уриалгыг дэвшүүлж байна. Мөн Монреалийн Протоколоор хэрэгжүүлж буй чухал ажил үйлсээ цаашид улам үргэлжлүүлэн дэмжихийг хүсэн ерөөе.”[1] хэмээн дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөрт зориулсан илгээлтдээ онцлон тэмдэглэсэн байна.
Одоогоос 35 жилийн өмнө аэрозоль, хөргөлтийн систем, өөр олон техник технологид ашиглаж байсан хлорфторт нүүрстөрөгч (ХФН/CFC) болон бусад озон задалдаг бодисууд нь озоны давхаргыг цоолж, нарны аюултай хэт ягаан туяа нэвтрэх нөхцөлийг бий болгож буйг эрдэмтэд судалж тогтоосон бөгөөд үүнд хариу арга хэмжээ авч дэлхийн улс орнууд хамтран 1985 онд “Озоны давхаргыг хамгаалах тухай Венийн конвенц”, 1987 онд “Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн Протокол”-ыг тус тус хэлэлцэж баталсан. Өдгөө Тал-Улс орон болсон 198 орны үе үеийн засгийн газар, эрдэмтэн судлаачид, байгууллага, ард иргэдийн олон талт үзэл баримтлал болон олон улсын хамтын ажиллагаа хэр үр дүнтэй болохыг баталж, озон задалдаг бодисуудын үйлдвэрлэл, экспорт, импортыг үе шаттайгаар зогсоосоор байна. Өнөөгийн бидний амьдарч буй энэ цаг үед озоны давхарга эргэн нөхөгдөж байгаа нь хүн төрөлхтнийг нарны хэт ягаан туяанаас учрах арьсны хорт хавдар, нүдэнд цагаа унах болон дархлааг хамгаалах, экосистем нөхөн сэргэх боломжийг бидэнд дахин олгож, бидний үнэт амьдралыг хамгаалсаар байна.
Мөн озон задалдаг химийн бодисын хэрэглээг хориглосноор уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, энэ зууны эцэс гэхэд дэлхийн дундаж температур 2.5 хэмээр нэмэгдэх аюулаас сэргийлж чадлаа. Хэрэв энэ үйл явдал тохиолдсон бол манай гаригийн сүйрэл болох байсан гэдгийг тэмдэглэж байна.
Зураг 1-т үзүүлсэн орчин үеийн олон улсын физикийн сэтгүүлд нийтлэгдсэн Ватерлоогийн их сургуулийн шинэхэн судалгаагаар 1970-аад оноос хойш дэлхийн дулааралд нүүрстөрөгчийн давхар исэл (CO2) биш харин хлорфторт нүүрстөрөгч (ХФН/CFC) нөлөө их үзүүлсэн гэж бичжээ. Судлаачид аж үйлдвэрийн хувьсгалаас хойших тоо баримтыг ашигласан бөгөөд нүүрстөрөгчийн давхар исэл (CO2)-ийн нөлөө гэх уламжлалт ойлголт буруу гэдгийг баттай харуулж байна. Хлорфторт нүүрстөрөгч (ХФН/CFC) нь озоныг давхаргыг цоолдог гэдгийг аль хэдийн мэдэж байгаа боловч урт хугацааны статистик дүн шинжилгээгээр хлорфторт нүүрстөрөгч (ХФН/CFC) нь нүүрстөрөгчийн давхар ислийн (CO2) ялгаралтаас илүүтэйгээр дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн гол хөдөлгөгч хүч болж байгааг харуулж байна.[2]
Зураг 1: Дэлхийн дулаарал явагдах шалтгаан
Түүнчлэн Монреалийн Протокол нь озон задалдаг бодисын үйлдвэрлэл, хэрэглээг үргэлжлүүлэн бууруулах ажлыг зохицуулахаас гадна 2019 оны 1 дүгээр сарын 01-нээс хүчин төгөлдөр болсон Кигалийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу гидрофторт нүүрстөрөгч (ГФН/HFC)-ийг үе шаттайгаар бууруулах болсон. Кигалийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжсэнээр озоны давхаргаа хамгаалахын зэрэгцээ энэ зууны эцэс гэхэд дэлхийн дулаарлыг 0.4°C хүртэлх хэмээр нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх боломжтой гэж тооцоолж байна.
Монреалийн Протоколд Кигалийн нэмэлт, өөрчлөлтөөр озон задалдаг бодисыг орлуулан өргөн хэрэглэж буй дэлхийн дулааралд нөлөө бүхий гидрофторт нүүрстөрөгч (ГФН/HFC)ийн төрлийн бодисуудыг бууруулах боломжийг уг Протоколын зорилт болгож дэвшүүлсэн билээ. Кигалийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталсан улс орнууд дараагийн 30 жилд гидрофторт нүүрстөрөгч (ГФН/HFC) төрлийн бодисын үйлдвэрлэл, хэрэглээгээ 80 гаруй хувь бууруулж, тэдгээрийн оронд байгаль орчинд ээлтэй орлуулах бодис хэрэглэх үүрэг хүлээсэн байна.
Монгол Улс 1996 онд Венийн конвенц, Монреалийн Протоколд нэгдэн орсон бөгөөд озоны давхаргыг хамгаалах дэлхий нийтийн үйлсэд өөрийн улсын зүгээс хувь нэмрээ оруулж байна.
Мөн “Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн Протокол”-д 2016 онд оруулсан Кигалийн нэмэлт, өөрчлөлтөд Монгол Улс нэгдэн орох асуудлыг Монгол Улсын Их Хурлаар 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хэлэлцэж “Протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах” тухай хууль гарган батлаад байна. Соёрхон баталсан тухай баримт бичгийг Нэгдсэн Үндэстний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулснаар 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсыг Кигалийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталсан 137 дахь Тал-Улс болсныг тунхаглан зарлав.
2021, 2022 онд хийж гүйцэтгэсэн зарим ажлууд болон цаашид хийхээр төлөвлөж буй гол ажлууд:
Хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр
Озон задалдаг бодисын импорт хэрэглээг үе шаттайгаар бууруулах, хэрэглээнээс гаргах чиглэлээр