Монреалийн протокол нь озоны давхаргыг хамгаалах дэлхийн хэмжээний гэрээгээр хэрэгжиж эхэлсэн ба хэрэгжилтийн үр дүнд өнөөг хүртэл байгаль орчныг хамгаалах чиглэлээр хийсэн хамгийн амжилттай хэлэлцээрүүдийн нэг болжээ. Озон задалдаг бодисыг үе шаттай бууруулж, хэрэглээнээс гаргах дэлхийн хамтын хүчин чармайлтаар өнөөдөр озоны давхаргын цоорхой нөхөгдөж, улмаар хүний эрүүл мэнд, эдийн засаг, экосистемийг хамгаалж буй хэрэг юм. Энэ жилийн Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр Монреалийн протоколыг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хөргөлтийн салбарт эрчим хүчний хэмнэлтийг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулах зэрэг олон ач холбогдолтойгоор онцлог болж байна.
Озон задалдаг бодисууд нь дэлхийн дулааралд нөлөөлдөг тул энэхүү гэрээ нь уур амьсгалын өөрчлөлтийг саруулахад аль хэдийн тодорхой хувь нэмэр оруулсан. Монреалийн протоколын Кигалийн нэмэлт, өөрчлөлт нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад үлэмж ашиг тустай. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд улс орнууд гидрофторт нүүрстөрөгч (ГФН/HFC) төрлийн бодисын хэрэглээг үе шаттай бууруулах үүрэг хүлээсэн. ГФН/HFC нь озоны давхаргыг гэмтээхгүй ч хүчтэй хүлэмжийн хий юм. Хэлэлцээрийн дагуу эдгээр бодисуудын хэрэглээг багасгах нь озоны давхаргыг хамгаалахын сацуу энэ зууны эцэс гэхэд дэлхийн дулаарлыг 0.4 °C хүртэлх хэмээр нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх болно.
Кигалийн нэмэлт, өөрчлөлт нь хөргөлтийн салбарт эрчим хүчний үр ашгийг сайжруулах боломжийг олгодог. ГФН/HFC-ийг орлуулах шинэ инноваци нь хөргөлт, агааржуулалтын салбарыг эрчим хүч бага ашиглахаар дахин төлөвлөх боломжийг олгож байгаа бөгөөд энэ нь уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралд нөлөөлөхгүйгээр тав тухтай хөргөлт агааржуулалт, хүйтэн хэлхээний үр ашгийг нэмэгдүүлэх боломжийг бий болгодог. ГФН/HFC-ийн хэрэглээг үе шаттай бууруулах, хүйтэн хэлхээний үр ашгийг сайжруулах зэргийг хослуулах нь ялангуяа хөгжиж буй эдийн засагтай орнуудад хүнсний хаягдалтай тэмцэхэд тустай.
Дэлхийн хэмжээнд хүн төрөлхтний хэрэгцээнд үйлдвэрлэж буй хүнсний бүтээгдэхүүний гуравны нэг орчим нь жил бүр хүйтэн хэлхээний хомсдлоос үүдэн хаягддаг. Хүнсний хог хаягдал жилд хэдэн тэрбум америк доллартай тэнцдэг. Газар, ус, эрчим хүч зэрэг үнэт баялгийг үрэн таран хийгээд зогсохгүй дэлхийн хэмжээнд жилд нийт 8 хувийн хүлэмжийн хий бий болгодог.
Хүйтэн хэлхээний шийдлүүдийг илүү үр ашигтай, уур амьсгалд ээлтэй, худалдан авах, хэрэглэхэд хямд болгосноор хүйтэн хэлхээ нь илүү үр дүнтэй, өргөн хүртээмжтэй болно. Энэ нь тариаланчид, эм үйлдвэрлэгчид зэрэг үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүнээ урьдчилан хөргөх, хөргөлттэй агуулахад хадгалах, хөргөлттэй тээвэрлэх боломжоор хангах бөгөөд хоол хүнс, вакцин гэх мэт бүтээгдэхүүнийг хүмүүст аюулгүй, шинээр нь хадгалан хүргэх боломжийг олгоно.
Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдрийг тохиолдуулан бид хүн төрөлхтөн, хоол хүнсний аюулгүй байдлыг хамгаалж, вакцины хөргөлтийг хангаж буй Монреалийн протокол болон Кигалийн нэмэлт, өөрчлөлтийг тэмдэглэн, талархаж байна!