• (+976) 70004424
  • mongolia@ozone.mn; mongolia.ozone@gmail.com
АШИГЛАСАН БОЛОН ХЭРЭГЦЭЭГҮЙ МОНРЕАЛИЙН ПРОТОКОЛООР ЗОХИЦУУЛДАГ БОДИСЫН БАНКНЫ УЛСЫН БҮРТГЭЛ БЭЛТГЭХ МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ АЖЛЫН ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН АНХДУГААР УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Улаанбаатар хот, 2026 оны 11 дүгээр сарын 04. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ)-ны Озоны үндэсний алба, Монголын хөргөлт, халаалт, агааржуулалтын холбоо, судалгааны баг хамтран 2026 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Монгол Улсад “Ашигласан болон хэрэгцээгүй Монреалийн протоколоор зохицуулдаг бодисын банкны улсын бүртгэл бэлтгэх” төслийн судалгааны хамрах хүрээ, мэдээлэл цуглуулах асуумжийг эцэслэн батлах зорилгоор оролцогч талуудын эхний уулзалтыг зохион байгуулав.

Уулзалтаар ашигласан болон хэрэгцээгүй хяналттай бодисын банкны улсын бүртгэл бэлтгэх төслийн зорилго, хамрах хүрээ, мэдээлэл цуглуулах аргачлал, ажлын төлөвлөгөөг танилцуулж, мэдээлэл цуглуулах асуумжийг эцэслэн, холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, бодисын боломжит эх үүсвэр болон мэдээллийн хэрэгцээг тодорхойлох асуудлыг хэлэлцэв.

Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протокол болон түүний Кигалийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд озон задалдаг бодисын (ОЗБ/ODS) хэрэглээг үе шаттайгаар зогсоож, гидрофторт нүүрстөрөгчийн (ГФН/HFC) хэрэглээг үе шаттайгаар бууруулах олон улсын үүрэг амлалтыг хэрэгжүүлж байна. Эдгээр хөргөх бодисыг байгаль орчин, озон-уур амьсгалд ээлтэй байдлаар юүлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, нөхөн сэргээх, устгах нь агаар мандалд алдагдахаас сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм.

Төслийн хүрээнд хөргөлт, агааржуулалт (эйр кондиционер), автомашины агааржуулалтын систем (MAC) болон бусад салбарт ашиглаж буй бодисын төрөл, хэмжээ, байршил, одоогийн менежментийн арга барилыг судалж, цаашид хамгийн боломжит байгаль орчин, озон-уур амьсгалд ээлтэй арга ажиллагаагаар зохицуулах боломж, шаардлагыг тодорхойлох юм.

Уулзалтаар хөргөлт, агааржуулалт(эйр кондиционер)-ын салбарын хөргөх бодисын хэрэглээ, хөргөлт, агааржуулалт(эйр кондиционер)-ын системийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ болон ашиглалтаас гаргах үед озон задалдаг бодис, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй бодисыг юүлэж авах, дахин боловсруулах, хаягдлыг устгахад тулгарч буй хүндрэл, хяналттай бодисын менежментийн эрх зүйн орчин, байгууллагын бүтэц, чадавхын талаарх судалгааг Олон Улсын зөвлөх танилцууллаа. Мөн судалгааны асуулга, мэдээлэл цуглуулах үйл явц, мэдээллийн эх үүсвэр болон тулгарч болзошгүй бэрхшээлийн талаар оролцогчид санал солилцов.

Тус уулзалтад БОУАӨЯ-ны Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн С.Оюунзул, Озоны үндэсний албаны захирал, Проф. Ц.Адъяасүрэн, ахлах мэргэжилтэн бөгөөд HPMP хөтөлбөрийн зохицуулагч Д.Дуламсүрэн, МХХАХ-ны Удирдах зөвлөлийн дарга Х.Оргил, Химийн хаягдлын эрсдлийг бууруулах үндэсний холбооны тэргүүн, Монгол Улсын зөвлөх инженер, Доктор Г.Чинзориг,  ашигласан болон хэрэгцээгүй хяналттай бодисын банкны улсын бүртгэл бэлтгэх мэдээлэл цуглуулах ажлын олон улсын зөвлөх Мауман Рашид, болон озон задалдаг бодис, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй бодис, бусад орлуулах бодис болон тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмж импортлогч, худалдан борлуулагччид, техникийн шинжээчид, мэргэжлийн холбоод, гал унтраах систем болон барилгын дулаалгын хөөсөнцөр үйлдвэрлэлийн салбар зэрэг бусад холбогдох салбаруудын оролцогч талуудын танхимаар 70, цахимаар 18 нийт 88 төлөөлөгчид оролцлоо.

Уулзалтын гол үр дүн, ач холбогдол

  1. Нэгдсэн ойлголт бүрдүүлэх: Төслийн зорилго, судалгааны аргачлал, хүлээгдэж буй үр дүнг танилцуулж, мэдээлэл цуглуулах асуумжийг эцэслэн батлах, мэдээлэл цуглуулах ажлын талаарх ойлголтыг нэгтгэхэд чиглэв.
  2. Мэдээллийн эх үүсвэрийг тодорхойлох: Холбогдох төрийн байгууллага, импортлогч, засвар үйлчилгээний компани болон бусад оролцогч талуудын мэдээлэл өгөх боломж, оролцоог хэлэлцэв.
  3. Менежментийн хэрэгцээг тодорхойлох: Бодисын банк, хөргөх бодис юүлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, нөхөн сэргээх, устгах үйл ажиллагаатай холбоотой мэдээллийн хэрэгцээ, эрх зүйн болон техникийн асуудлыг авч үзэв.

Уулзалт нь ашигласан болон хэрэгцээгүй хяналттай бодисын банкны улсын бүртгэл хийх, холбогдох мэдээллийг нэгтгэх, цаашдын зохистой менежментийн төлөвлөгөө боловсруулахад шаардлагатай хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн чухал алхам боллоо.

 

 

 

2026-11-05 00:00:00