• (+976) 70004424
  • mongolia@ozone.mn; mongolia.ozone@gmail.com
Монгол улсын ашигласан болон хэрэгцээгүй хяналттай бодисын нөөцийн улсын бүртгэл бэлтгэхэд зориулсан мэдээлэл цуглуулах ажлын анхдугаар оролцогч талуудын уулзалт

 

МОНГОЛ УЛСЫН АШИГЛАСАН БОЛОН ХЭРЭГЦЭЭГҮЙ ХЯНАЛТТАЙ БОДИСЫН НӨӨЦИЙН
УЛСЫН БҮРТГЭЛ БЭЛТГЭХЭД ЗОРИУЛСАН МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ АЖЛЫН
АНХДУГААР ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН УУЛЗАЛТ

Огноо: 2026 оны 11 дүгээр сарын 04
Байршил: Holiday Inn, 1 давхрын хурлын танхим
Хот: Улаанбаатар
Хугацаа: 13:00-16:00

 Зохион байгуулагчид:

  • Ашигласан болон хэрэгцээгүй хяналттай бодисын нөөцийн улсын бүртгэл бэлтгэх судалгааны баг
  • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам(БОУАӨЯ)-ны Озоны үндэсний алба (ОҮА)
  • НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP)

Үндэслэл

Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протокол болон Кигалийн нэмэлт, өөрчлөлт нь озон задалдаг бодисын (ОЗБ/ODS) хэрэглээг үе шаттайгаар зогсоох, гидрофторт нүүрстөрөгчийн (ГФН/HFC) хэрэглээг үе шаттайгаар бууруулах олон улсын үүрэг амлалтыг тогтоодог. Эдгээр бодисын үйлдвэрлэл, хэрэглээг хянахаас гадна ашигласан болон хэрэгцээгүй хяналттай бодисыг байгаль орчинд ээлтэй байдлаар зохицуулах нь агаар мандалд алдагдахаас сэргийлэх, Монреалийн протоколын зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколыг хэрэгжүүлэх Олон талт сангийн Гүйцэтгэх Хорооны 91 дүгээр хурлаар 91/66 дугаар шийдвэрийг баталж, ашигласан болон хэрэгцээгүй хяналттай бодисын нөөцийн улсын бүртгэл болон тэдгээрийг цуглуулах (collection), тээвэрлэх (transport), устгах (disposal), үндэсний төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх санхүүжилтийн боломжийг бий болгосон. Үүнд дахин боловсруулах (recycling), нөхөн сэргээх (reclamation), болон зардал хэмнэлттэй (cost effective) устгалын хувилбаруудыг авч үзэхээр тусгасан.

Гүйцэтгэх хорооны 95 дугаар хурлын 95/34 дүгээр шийдвэрийн дагуу Монгол Улс “Ашигласан болон хэрэгцээгүй хяналттай бодисын нөөцийн улсын бүртгэл бэлтгэх” (MON/DES/95/PRP/41) төслийг хэрэгжүүлэхэд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөр дамжуулан санхүүгийн дэмжлэг авсан. Төслийн зорилго нь эдгээр бодисын улсын бүртгэлийг бий болгох, тэдгээрийг юүлэх, дахин боловсруулах, нөхөн сэргээх, устгах боломж болон тавигдах шаардлагыг тодорхойлоход оршино.

Улсын бүртгэл бэлтгэхийн тулд холбогдох салбаруудаас системтэйгээр мэдээлэл цуглуулах шаардлагатай. Үүнд хөргөлт, агааржуулалт (кондиционер)-ын тоног төхөөрөмжийн (RAC) болон тээврийн хэрэгслийн агааржуулалтын системийн (MAC) засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, угсралт, суурилуулалт, ашиглалтын хугацаа дууссаны дараах менежмент, мөн холбогдох тохиолдолд гал унтраах систем болон хөөсөнцөр үйлдвэрлэлийн салбар багтана.

Үнэлгээгээр ашигласан болон хэрэгцээгүй хяналттай бодисын төрөл, хэмжээ, байршил, одоогийн менежментийн арга барил, бэлэн байгаа дэд бүтэц, тэдгээрийн ашиглалт, зохицуулалт, устгалыг зохицуулж буй байгууллагын болон эрх зүйн тогтолцоог хамруулан судална.

Мөн өмнө хэрэгжүүлсэн ГХФН-ийг үе шаттай бууруулах менежментийн төлөвлөгөө (HPMP), Кигалийн нэмэлт, өөрчлөлт болон бусад холбогдох судалгаа, санаачилгын хүрээнд цуглуулсан мэдээлэл зэрэг улсын хэмжээнд байгаа өгөгдлийг хянан үзнэ. Ингэснээр одоо байгаа мэдээлэл, мэдээллийн дутуу байдал болон нэмэлт мэдээлэл цуглуулах хэрэгцээг тодорхойлох боломжтой.

Анхдугаар оролцогч талуудын уулзалтаар холбогдох төрийн байгууллага, аж ахуйн нэгж, угсралт, суурилуулалт, засвар үйлчилгээ, техникийн үйлчилгээ үзүүлэгч, салбарын төлөөлөл болон бусад оролцогч талыг нэгтгэн зорилго, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, мэдээлэл цуглуулах, аж ахуйн нэгжүүд мэдээллээ ирүүлэх талаар танилцуулна. Түүнчлэн ашигласан болон хэрэгцээгүй хяналттай бодисын боломжит эх үүсвэрүүдийг тодорхойлж, улсын бүртгэлийг цогцоор нь бэлтгэхэд шаардлагатай мэдээллийн талаар хэлэлцэж, асуулгад хариулт авна.

Зорилго

Энэхүү уулзалт нь дараах зорилготой:

  1. Улсын бүртгэл бэлтгэх төслийн зорилго, хамрах хүрээ, үйл ажиллагаа болон хүлээгдэж буй үр дүнг танилцуулах;
  2. Монгол Улсад ашигласан болон хэрэгцээгүй хяналттай бодисын нөөцийн талаарх мэдээлэл цуглуулах санал болгож буй аргачлал, ажлын төлөвлөгөөг танилцуулах;
  3. Холбогдох оролцогч талуудын ашигласан болон хэрэгцээгүй хяналттай бодисын боломжит эх үүсвэрүүд болон улсын хэмжээнд байгаа мэдээллийг тодорхойлох, баталгаажуулах;
  4. Бодисын нөөц, тоног төхөөрөмж, засвар үйлчилгээний арга барил, бодис юүлэх, хадгалах, дахин боловсруулах, нөхөн сэргээх, устгах талаарх тоон болон чанарын мэдээлэл цуглуулах;
  5. Одоогийн бодлого, эрх зүйн зохицуулалт, байгууллагын хариуцлага болон техникийн дэд бүтэцтэй холбоотой хүндрэл бэрхшээл, мэдээллийн дутуу байдлыг тодорхойлох;
  6. Мэдээлэл цуглуулах, юүлсэн болон хэрэгцээгүй бодисын улсын бүртгэл болон менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлыг дэмжих зорилгоор холбогдох оролцогч талуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх.

Оролцогчид: Холбогдох төрийн байгууллага, яам, агентлагийн төлөөлөл; озон задалдаг бодис, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй бодис, бусад орлуулах бодис болон тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмж импортлогчид, автомашин импортлогчид, хөргөлт, агааржуулалт (кондиционер)-ын тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, засвар үйлчилгээ эрхэлдэг компаниуд, гаалийн байгууллага, гаалийн зуучлагчид, хог хаягдлын менежментийн байгууллагууд, гал унтраах систем болон хөөсөнцөр үйлдвэрлэлийн салбарын төлөөлөл, мэргэжлийн холбоод, техникийн шинжээчид, холбогдох судалгааны байгууллагууд, ашигласан болон хэрэгцээгүй хяналттай бодисыг ашиглах, юүлэх, хадгалах, дахин боловсруулах, нөхөн сэргээх, тээвэрлэх, устгах үйл ажиллагаанд оролцох боломжит бусад аж ахуйн нэгж, байгууллагууд

Хүлээгдэж буй үр дүн

  1. Оролцогч талууд ашигласан болон хэрэгцээгүй ГХФН/HCFC, ГФН/HFC төрлийн хөргөх бодисын улсын бүртгэл бэлтгэх төслийн зорилго, хамрах хүрээ, хүлээгдэж буй үр дүнгийн талаар нэгдсэн ойлголттой болно;
  2. Улсын хэмжээний мэдээлэл цуглуулах ажлыг цогцоор нь хэрэгжүүлэхэд шаардлагатай гол оролцогч талууд болон ашигласан болон хэрэгцээгүй хяналттай бодис (ГХФН/HCFC, ГФН/HFC)- ын боломжит эх үүсвэрүүдийг тодорхойлно;
  3. Оролцогч талууд санал болгож буй судалгааны аргачлал, мэдээллийн хэрэгцээ/шаардлага болон холбогдох мэдээлэл өгөхөд гүйцэтгэх боломжит үүргээ ойлгоно;
  4. Санал болгож буй асуулга, мэдээлэл цуглуулах үйл явц болон найдвартай мэдээлэл олж авахад тулгарч буй практик бэрхшээлийн талаар анхны санал, зөвлөмжийг цуглуулна;
  5. Бодисын одоогийн нөөц, юүлэх болон дахин боловсруулах арга барил, менежментийн дэд бүтэц, холбогдох бодлого, эрх зүйн зохицуулалтын талаарх мэдээллийн дутуу байдлыг урьдчилан тодорхойлно;
  6. Мэдээлэл цуглуулах дараагийн алхам, уялдаа холбооны зохицуулалт болон оролцогч талуудын оролцооны талаар тохиролцоонд хүрнэ.

 

УУЛЗАЛТЫН ХӨТӨЛБӨР

Хугацаа

Сэдэв

Илтгэгч/Хариуцагч

2026 оны 11 дүгээр сарын 04, Лхагва гараг

13:00 - 13:30

Бүртгэл

 

 

Цайны завсарлага

 

Хатагтай А.Энэрэлт,

БОУАӨЯ-ны ОҮА-ны мэргэжилтэн

Чиглүүлэгч

Проф.Ц.Адъяасүрэн,
БОУАӨЯ-ны ОҮА-ны захирал

13:30 - 13:40

НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА

 

Нээлтийн үг

 

 

Мэндчилгээ

 

 

Үг хэлэх

 

 

Зураг авхуулах

Проф.Ц.Адъяасүрэн,
БОУАӨЯ-ны ОҮА-ны захирал

 

Хатагтай Д.Дуламсүрэн,
БОУАӨЯ-ны ОҮА-ны ахлах мэргэжилтэн, хөтөлбөрийн зохицуулагч

 

БОУАӨЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого, үнэлгээний газрын төлөөлөл

13:40 - 14:00

Озоны үе давхарга, байгаль орчныг хамгаалах асуудал

Проф.Ц.Адъяасүрэн,

БОУАӨЯ-ны ОҮА-ны захирал

14:00 - 14:10

Монгол Улсын ашигласан болон хэрэгцээгүй хяналттай бодисын нөөцийн улсын бүртгэл бэлтгэх төслийн танилцуулга

Хатагтай Д.Дуламсүрэн,
БОУАӨЯ-ны ОҮА-ны ахлах мэргэжилтэн, хөтөлбөрийн зохицуулагч

14:10 - 14:40

Хөргөлт, агааржуулалтын салбарын хөргөх бодисын хэрэглээ, өнөөгийн байдал

 

 

Озон задалдаг бодисын хаягдлын устгал тулгамдсан асуудлууд  

 

Ноён Х.Оргил,

МХХАХ ГҮТББ ТУЗ-ын дарга

 

Доктор Г.Чинзориг,
Химийн хаягдлын эрсдлийг бууруулах үндэсний холбооны тэргүүн, Монгол Улсын зөвлөх инженер 

14:40 - 15:00

Монгол Улсын хаягдал хяналттай бодисын менежментийн эрх зүйн орчин, байгууллагын бүтэц, чадавхын талаарх баримт бичгийн судалгаа

Ноён Мауман Рашид,
Олон улсын зөвлөх

15:00 - 15:50

Хэлэлцүүлэг

Судалгааны ажлын асуулга танилцуулах

Боломж ба саад бэрхшээлүүдийн талаарх оролцогч талуудын үзэл бодол

-               Шаардлагатай зохицуулалтын дэмжлэг

Хатагтай Д.Отгончимэг, Үндэсний зөвлөх
 

Ноён Т.Батжаргал, хөргөлтийн инженер
 

Ноён А.Отгонбаяр,  хөргөлтийн инженер
 

ОҮА

 

Оролцогчид

15:50 - 16:00

ХААЛТЫН АЖИЛЛАГАА

  • Гол үр дүнгийн хураангуй
  • Хаалтын үг

Судалгааны  баг

 

ОҮА

 

 

2026-10-29 14:20:41