Улаанбаатар хот, 2026 оны 6 дугаар сарын 26. “Гидрохлорфторт нүүрстөрөгч (ГХФН/HCFC) бодисыг үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөр (HPMP)”-ийн II үе шатыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд анх удаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ)-ны Озоны үндэсний алба (ОҮА) болон Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Эрчим хүчний Инженерчлэлийн Сургууль хамтран 2026 оны 6 дугаар сарын 26-ний өдөр оролцогч талуудын уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Энэ жилийн Дэлхийн хөргөлтийн өдрийг “Cool Intelligence” буюу “Ухаалаг/Оюунлаг хөргөлт” уриан дор тэмдэглэж байгаа бөгөөд тогтвортой хөргөлтийн технологи, эрчим хүчний үр ашиг, хөргөх бодисын амьдралын мөчлөгийн зөв менежмент, салбарын хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэх асуудлыг олон нийтэд сурталчлахад чиглэж байна.
Уулзалтаар “Хөргөлтийн технологийн шилжилт, дэлхийн чиг хандлага”, “Монгол улс дах хөргөлтийн салбарын технологийн хөгжил, тулгамдаж буй асуудлууд”, “Хөргөлтийн салбарын хүний нөөцийн хэрэгцээ, шаардлага” сэдвээр төрийн байгууллага, их, дээд сургууль, мэргэжлийн холбоо болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцсон панел хэлэлцүүлгийг зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Тус уулзалтад БОУАӨЯ-ын ОҮА-ны захирал, Проф. Ц.Адъяасүрэн, ОҮА-ны ахлах мэргэжилтэн, HPMP хөтөлбөрийн зохицуулагч Д.Дуламсүрэн, МХХАХ-ны Удирдах зөвлөлийн дарга Х.Оргил, “Хөргөлтийн шинэ эрин” сургалт судалгааны төвийн тэргүүн, Монгол Улсын Зөвлөх инженер (Ph.D) Ш.Энх-Амгалан, “ШУТИС- ЭХИС-ийн багш, Итали улсын хөргөлт, агааржуулалтын салбарын сургагч багш, үнэлгээчин бэлтгэх сургалтад оролцогч, Магистр, Э.Оюу-Эрдэнэ, ШУТИС-ЭХИС-ийн Хөтөлбөр хариуцсан дэд профессор М.Оюун-Эрдэнэ, Термо Тех” ХХК, ХАС-ийн инженер, Герман Улсад НҮБ-ийн БОХ-ийн дэмжлэгээр зохион байгуулсан Хөргөлтийн сургалт (Cool training)-д оролцогч Ө.Мөнхтулга, “Синус Дочи”ХХК-ийн төслийн менежер Т.Шижирбаатар, “Хөргөлт сервис” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Рэнцэндорж, “Арвайн үндэс” ХХК-ийн Монгол Улсын Зөвлөх инженер Д.Яндүүлэн, “Сэрүүн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Жаргалзаяа, “MCS Cola Cola” ХХК-ийн Ашиглалт хариуцсан ахлах инженер А.Нямдаваа, Хөргөлт инженеринг ХХК, Хүний нөөцийн менежер, Магистр Н.Оюунгэрэл болон хөргөлтийн салбарын эрдэмтэн, судлаачид, инженерүүд, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл бүхий 60 гаруй зочид оролцлоо.
Уулзалтын гол үр дүн, ач холбогдол:
Дэлхийн хөргөлтийн салбарын хөгжлийн чиг хандлага, бага ДДНЧ бүхий хөргөх бодис, эрчим хүчний үр ашигтай тоног төхөөрөмж, хөргөх бодисын амьдралын мөчлөгийн менежментийн ач холбогдлын талаар оролцогч талууд ойлголттой болж, мэдээлэл солилцов.
Монгол Улсын хөргөлтийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, техник технологийн шинэчлэл, аюулгүй ажиллагаа, олон улсын стандартыг нэвтрүүлэх боломж, хувийн хэвшлийн оролцоо зэрэг асуудлыг олон талын оролцоотойгоор хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлов.
Хөргөлтийн салбарын инженер, техникчдийн ур чадварыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, бакалавр, мэргэжлийн болон техникийн боловсрол, хөргөлт, агааржуулалтын системийн тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт засвар үйлчилгээний сургалт хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сургалт, гэрчилгээжүүлэлтийн тогтолцоог эрчимжүүлэх, ажил олгогчид болон сургалтын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэлээ.
Хэлэлцүүлэг өрнүүлж, хөргөлтийн салбарын тогтвортой хөгжил, технологийн шилжилт, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, байгаль орчинд ээлтэй хөргөлтийн шийдлүүдийг Монгол Улсад түгээн дэлгэрүүлэх чиглэлээр санал, туршлагаа солилцсон үр дүнтэй арга хэмжээ боллоо.







