• (+976) 11-312458
  • mongolia@ozone.mn; mongolia.ozone@gmail.com
ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАМГИЙН БАГА ГҮЙЦЭТГЭЛИЙН СТАНДАРТ (MEPS)-ЫГ НЭВТРҮҮЛЭХ ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО

Улаанбаатар хот, 2026 оны 5 дугаар сарын 21. “Гидрохлорфторт нүүрстөрөгч (ГХФН/HCFC) бодисыг үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөр (HPMP)”-ийн II үе шатыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ)-ны Озоны үндэсний алба болон Эрчим хүчний зохицуулах хороо хамтран 2026 оны 5 дугаар сарын 21-ний өдөр оролцогч талуудын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулав.

Уулзалтаар Эрчим хүчний хамгийн бага гүйцэтгэлийн стандарт (MEPS) болон шошгожуулалтын тогтолцоог нэвтрүүлэх, холбогдох бодлого эрх зүйн орчныг сайжруулахад чиглэсэн хамтын ажиллагааны тогтолцоог хөгжүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг шат дараатай тодорхойлж, 2015 онд Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг баталсан. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого болон Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд эрчим хүчний хэмнэлттэй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, ахуйн цахилгаан барааны хэрэглээг нэмэгдүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахаар заасан байдаг. Энэхүү зорилтыг амьдралд хэрэгжүүлэхэд эрчим хүчний үр ашигтай зах зээлийг хөгжүүлэх, хэрэгжүүлэх механизм болон эрх зүйн тогтолцоог улам боловсронгуй болгох шаардлага тулгарч байна.

Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколыг хэрэгжүүлэх Олон талт сангийн Гүйцэтгэх хорооны 89/6 дугаар шийдвэрийн дагуу, хөргөлт, агааржуулалтын салбар дахь ГХФН-ийн суурь хэрэглээ нь 120 метр тонноос бага (LVC) орнуудын тоонд багтдаг Монгол Улс дараах нэмэлт үйл ажиллагааг хөтөлбөртөө багтаан батлуулж, хэрэгжүүлж байгаа юм. Үүнд:

  • Хамтын ажиллагааг бэхжүүлэх: Хөргөлт, эрчим хүчний хэмнэлтийн төлөвлөгөө боловсруулах явцад Дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар (ДДНЧ) бага болон ДДНЧ-гүй хөргөх бодисыг зохистойгоор тусгахын тулд Озоны үндэсний алба болон холбогдох байгууллагууд хоорондын уялдааг хангах. Үүнд MEPS, шошгожуулалт, туршилтын хөтөлбөрүүд, хөргөлт, агааржуулалт, дулааны насос (RACHP)-ын стандартуудыг нэвтрүүлэх ажил багтаж байна.
  • Дэвшилтэт технологийг сурталчлах: MEPS болон шошгожуулах тогтолцоог дэмжих, техникийн ажилтнуудыг заавал гэрчилгээжүүлэх системийг нэвтрүүлэх, эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмжийн хэрэглээг урамшуулах мэдээлэл түгээх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх.

Тус уулзалтад БОУАӨЯ-ны Агаарын бохирдлын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Болор, Озоны үндэсний албаны захирал, Проф. Ц.Адъяасүрэн, ахлах мэргэжилтэн бөгөөд HPMP хөтөлбөрийн зохицуулагч Д.Дуламсүрэн, МХХАХ-ны Удирдах зөвлөлийн дарга Х.Оргил, Эрчим хүчний зохицуулах хорооны мэргэжилтэн М.Амар, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн OzonAction CAP хөтөлбөрийн менежментийн ажилтан Андреа Осси Перретта болон озон задалдаг бодис импортлогчид, эрчим хүчний аудитын байгууллагууд, мэргэжлийн холбоод, ТӨҮГ-уудын төлөөлөл бүхий 70 гаруй зочид оролцлоо.

Уулзалтын гол үр дүн, ач холбогдол:

  1. Нэгдсэн ойлголт, итгэлцэл бүрдэв: Эрчим хүчний хамгийн бага гүйцэтгэлийн стандарт (MEPS)-ыг нэвтрүүлэх, БОУАӨЯ-ны ОҮА болон Эрчим хүчний зохицуулах хороо хоорондын хамтын ажиллагааны хүрээнд гарсан үр дүнг танилцуулснаар шийдвэр гаргагчид болон оролцогч талуудын цаашдын түншлэл бэхжлээ.
  2. Эдийн засгийн дүн шинжилгээ: ДДНЧ/GWP багатай хөргөх бодис бүхий тоног төхөөрөмжийн эрчим хүчний хэмнэлтийн судалгаа, эрчим хүчний хэрэглээ ба хөргөлтийн системийн уялдааны талаарх оролцогчдын мэдлэг, ойлголт нэмэгдэв.
  3. Бодлогын зөвлөмж, тайлан бэлтгэх боломж: Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт, шошгожуулалтын зөвлөмжид дүн шинжилгээ хийх,гэр ахуйн хөргөгч, хөлдөөгч, агааржуулалтын төхөөрөмжүүдэд тусгайлсан MEPS-ийг бий болгох, шийдвэр гаргагчдад зөвлөмж бүхий тайлан бэлтгэхэд оролцогч талуудыг судалгаанд татан оролцуулах суурийг тавив.

Уулзалтын төгсгөлд оролцогчид нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, эрчим хүчний хэмнэлттэй хөргөлт, агааржуулалт, дулааны насосны тоног төхөөрөмжийг MEPS-д хамруулах, бодит хэрэглээг дэмжих чиглэлээр өөрсдийн санал бодол, туршлагаа хуваалцсан үр дүнтэй үйл ажиллагаа боллоо.

2026-05-25 09:38:55