• (+976) 11-312458
  • mongolia@ozone.mn; mongolia.ozone@gmail.com
Озоны үндэсний алба Хүйтэн сүлжээний салбарын чадавхийг бэхжүүлэх, үнэлгээний тогтолцоо нэвтрүүлсэн үйл ажиллагааны дуулиан зохион байгууллаа.

БОУАӨЯ-ны Озоны үндэсний алба 2026 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр “Гидрохлорфтортнүүрстөрөгч (ГХФН/HCFC) бодисыг үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөр (HPMP)”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Хүйтэн сүлжээний мах боловсруулах, хүнс боловсруулах салбарын чадавхийг бэхжүүлэх, үнэлгээний тогтолцоо нэвтрүүлсэн үйл ажиллагааны дуулиан”-г зохион байгууллаа.

“Гидрохлорфтортнүүрстөрөгч (ГХФН/HCFC) бодисыг үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөр (HPMP)”-ийг II шатанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах судалгааны үр дүн, I дүгээр үе шатны хэрэгжилтээс гарсан сургамжид үндэслэн хоол, хүнс боловсруулах салбарын хөргөлттэй агуулахын хөргөх бодисын хэрэглээний түвшин өндөр, засвар үйлчилгээний сайн арга туршлага/зөв дадал болон хөргөх бодис юүлэх талаар мэдлэг, мэдээлэл бага, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар (ДДНЧ) бага орлуулах технологи хэдийн нэвтэрсэн, цаашид манай орны зах зээлд байгальд ээлтэй байгалийн хөргөх бодис (пропан, изо-бутан, аммиак, нүүрсхүчлийн хий г.м.)-т суурилсан хөргөлтийн тоног төхөөрөмжийн хэрэглээ нэмэгдэх чиг хандлагатай байгаа нь энэхүү арга хэмжээг зохион байгуулах үндэслэл болсон билээ.

Тус үйл ажиллагаанд Озоны үндэсний албаны захирал, проф. Ц. Адъяасүрэн, МХХАХ-ны Ерөнхийлөгч Х.Оргил, БОУАӨЯ-ны ОҮА-ны ахлах мэргэжилтэн, хөтөлбөрийн зохицуулагч Д.Дуламсүрэн, Техник Технологийн их сургууль (ТТИС)-ийн Ректор, доктор (Ph.D.) профессор Ц.Баярмаа, Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургууль(ХҮТИС)-ийн Ректор, Хүнс, технологийн политехник коллежийн захирал Б.Бат-Эрдэнэ, Барилгын политехник коллежийн захирал Т.Амарзаяа болон Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага, мэргэжлийн сургалтын байгууллагын хөргөлт, агааржуулалтын мэргэжлийн сургагч багш нар, инженер, техникч, засварчид, ОЗБ болон ДДНЧ өндөртэй орлуулах бодисын импортлогчид, гал унтраагуур нийлүүлэгчид, барилгын дулаалгын хөөсөнцөр үйлдвэрлэгчид, Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн Ам, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сургалт, Судалгааны Хүрээлэн, их дээд сургуулиуд, Боловсролын яамны Боловсролын Ерөнхий газар, Боловсролын үнэлгээний төв, Чанарын дотоод баталгаажуулалтын зөвлөл ТББ, Эрчим хүчний зохицуулах хороо, мэргэжлийн холбоодууд болон бусад холбогдох байгууллагын төлөөллүүдээс бүрдсэн 70 орчим зочид оролцлоо.

 

Үйл ажиллагаагаар дараах агуулгын хүрээнд оролцогчдод мэдлэг, мэдээлэл түгээв.

  • Озоны давхаргын хомсдол, Монреалийн протокол, Монреалийн протоколоор хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд Засгийн газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагаануудын талаарх оролцогчдын мэдлэгийг нэмэгдүүлэх;
  • Оролцогчдод засвар үйлчилгээний зөв дадлыг эзэмшиж, хөргөх бодисыг зөв ашигласнаар  байгаль орчин, эдийн засгийн ашиг тусыг ойлгуулах;
  • Хөргөлт, агааржуулалтын салбарт нэвтрүүлсэн үнэлгээний тогтолцоо, түүний ач холбогдол;
  • Хөргөлт, агааржуулалтын мэргэжлийн Мэргэжлийн боловсрол, сургалт болон Техникийн боловсрол сургалтын хөтөлбөрт байгаль орчинд ээлтэй хөргөх бодис сонгох, засвар үйлчилгээний үед хөргөх бодис ашиглах ЧН-ийг нутагшуулахын ач холбогдлын талаар оролцогч талуудад мэдлэг мэдээлэл түгээх
  • Ажил олгогч, сургалтын байгууллага, тэдгээрийг төгсөгчдийн хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэх

Үйл ажиллагаагаар Техник Технологийн их сургууль, Технологийн политехник коллеж болон Барилгын политехник коллежид “Хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжийн угсралт, засвар үйлчилгээ” мэргэжлийн мэргэжлийн боловсролын нэг  жилийн чадамжид суурилсан болон техникийн боловсролын 1.5 жилийн сургалтын хөтөлбөр болон эдгээр хөтөлбөрийн багшийн гарын авлага, “Хүнс үйлдвэрлэл, худалдааны хөргөлттэй агуулахын засвар үйлчилгээ” чадамжид    суурилсан сургалтын хөтөлбөрийн эмхэтгэл гардуулан өгч, “Засвар үйлчилгээний үед хөргөх бодистой харьцах”, “Байгаль орчинд ээлтэй хөргөх бодис сонгох” зэрэг чадамжийн нэгжээс бүрдсэн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Мөн үнэлгээний ажилтнуудад гэрчилгээ, техникчдэд Чадамжийн гэрчилгээ гардууллаа.

Мөн үйл ажиллагаагаар 2030 он гэхэд ГХФН/HCFC бодис хэрэглээнээс гарч, оронд нь илүү байгаль орчинд ээлтэй, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар багатай бодис хэрэглэхийг онцоллоо. Монгол Улс Озоны үе давхарыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколын хүрээнд хүлээсэн үүргийн дагуу озон задалдаг бодис (ОЗБ) болон дэлхийн дулааралд нөлөөтэй ГХФН/HCFC төрлийн хөргөх бодисын импорт, хэрэглээг 2030 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс бүрэн зогсоох олон улсын тодорхой үүрэг, амлалтыг хүлээсэн. Энэхүү зорилтыг биелүүлэхийн тулд ГХФН/HCFC төрлийн хөргөх бодис агуулсан хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжийн импортыг үе шаттайгаар хязгаарлаж, бүрэн хориглох бодлогын шийдвэрийг цаг алдалгүй гаргах шаардлагатай байна.

 

2026-01-29 15:43:57