“Монгол Улсад гидрохлорфторт нүүрстөрөгч (HCFC/ГХФН) хөргөх бодисыг үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөр”-ийн хүрээнд ГХФН/HCFC бодисыг хэрэглээнээс гаргах зорилгоор Монгол Улсын хөргөлт, агааржуулалтын салбарт өмнөх мэдлэг ур чадварыг үнэлэх (RPL) гэрчилгээжүүлэлтийн системийг үнэлэн, худалдааны болон үйлдвэрлэлийн хөргөлтийн салбарыг хамруулан хэрэгжилтийн хүрээг тэлж, өргөжүүлэн нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлж байна.
Монгол улсын хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний ажилчид, инженер, техникийн ажилтануудыг чадавхжуулах, хөргөлтийн засвар үйлчилгээний сайн туршлагыг нутагшуулах, засвар үйлчилгээг хөргөх бодис агаарт алдагдуулалгүй хийх зэрэг нь ГХФН хөргөх бодисын цаашдын эрэлтийг бууруулахад чухал нөлөөтэй. Монголын Улсын Байгаль орчин аялал, жуучлалын яамны Озоны Үндэсний албаны “Гидрохлортфторт нүүрстөрөгч (ГХФН/HCFC) төрлийн бодисыг үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөр”, Монголын Хөргөлт, Халаалт, Агааржуулалтын холбооноос мэргэжлийн байгууллагатай хамтран “Хөргөлт, агааржуулалтын техникч” мэргэжлээр ажил мэргэжлийн стандарт ба сургалтын хөтөлбөрийг 2021-2022 онд боловсруулсан. Тус салбарт өмнө нь хийсэн судалгаануудын үр дүнгээс хөргөлт агааржуулалтын засвар үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүдэд мэргэжлийн ажилтан, техникч дутагдалтай, мөн одоо ажиллаж байгаа ажилтнуудад мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээ олгох, мэргэшүүлж давтан сургах, гэрчилгээжүүлэх гэх зэрэг асуудлууд тулгамдсан хэвээр байна.
Хөргөлт, агааржуулалтын салбарт өмнөх мэдлэг ур чадварыг үнэлэх (RPL) гэрчилгээжүүлэлтийн системд хөргөлтийн сайн арга туршлагын бүрэлдэхүүн хэсгийг нэгтгэж, худалдааны болон үйлдвэрлэлийн хөргөлтийн салбарыг хамруулан RPL зохион байгуулах багш, үнэлгээний ажилтнуудыг сургах замаар хүрээг тэлж өргөжүүлэн нэвтрүүлэх сургалтыг “Монгол Улсад гидрохлорфторт нүүрстөрөгч (HCFC/ГХФН) хөргөх бодисыг үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөр”-ийн хүрээнд Озоны Үндэсний алба, Монголын Хөргөлт, халаалт агааржуулалтын холбоо, Чанарын дотоод баталгаажуулалтын зөвлөл ТББ болон Хөргөлт, агааржуулалтын салбарын олон улсын Мастер үнэлээчидтэй хамтран зохион байгуулж байна.
Иймд энэхүү ажлын зорилго нь боловсруулсан стандарт, хөтөлбөрийн дагуу одоо ажиллаж буй хөргөлт, агааржуулалтын техникчид, засварчдын өмнөх мэдлэг чадварыг үнэлж, баталгаажуулах системийг сайжруулах, нэвтрүүлэх, цаашид тус мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх эрэлт хэрэгцээг тодорхойлж, багш болон үнэлгээний ажилтнуудыг бэлтгэж суурь нөхцлийг бүрдүүлэхэд чиглэнэ.
Бэлтгэгдсэн үнэлээчид нь тус салбарт ажиллаж байгаа ажилтнуудын мэргэшлийн түвшин тогтоох, зэрэг олгох үнэлгээнд ажил олгогчидтой хамтран ажиллах бөгөөд мэргэшлийн III түвшнээс дээш түвшинг үнэлэх, мэргэшсэн үнэлээчдийн баг болон бэлтгэгдэж байна. Энэхүү үнэлгээ нь арга зүй, аргачлал, зохион байгуулалт, даалгаварын тохироцын хувьд боловсрол, сургалтын байгууллагын явцын болон төгсөлтийн үнэлгээнээс эрс ялгаатай бөгөөд өмнө нь үнэлгээний ажилтнаар бэлтгэгдсэн, үнэлгээний талаар суурь ойлголт, мэдлэг бүхий, салбартаа олон жил ажилласан туршлагатай инженерүүд хамрагдаж байна. Тус аргачлалыг Монгол Улсын төрийн өмчит томоохон үйлдвэрийн газруудад нэвтрүүлж, нутагшуулсан бөгөөд зөвхөн тухайн үйлдвэр аж ахуйн нэгж, салбарын онцлогт тохирсон, тэдний захиалгат үнэлээчдийг бэлтгэхэд ашигладаг. Эхний удаагийн сургалтыг 2024 оны 1-р сарын 3,4-нд, хоёр дахь удаагийн сургалтыг 1-р сарын 10-11-нд Мастер үнэлгээч, чадамжийн үнэлгээний Үндэсний сургагч багш, МУ-ын зөвлөх багш, Доктор Б.Мянган удирдан явуулж байна. Тус сургалтад нийт 42 хүн хамрагдсан бөгөөд цаашид 14 хоногийн дадлага сургалтаар үргэлжилнэ.