• (+976) 11-312458
  • mongolia.ozone@gmail.com
Монреалийн протоколыг хэрэгжүүлэхэд озон задалдаг бодисын импорт, экспортод хяналт тавих гаалийн болон байгаль орчны хяналтын ажилтнуудад цахим сургалт зохион байгууллаа

Зохион байгуулагч: БОАЖЯ-ны Озоны үндэсний алба, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Дэмжигч байгууллага: НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр & Монреалийн Протоколыг хэрэгжүүлэх Олон талт сан

“ГХФН/HCFC бодисыг үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөр (HPMP)”-ийн хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2022 оны 12 сарын 07-ны өдөр БОАЖЯ-ны Озоны үндэсний алба (ОҮА)-аас Гаалийн ерөнхий газар (ГЕГ), Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран “МОНРЕАЛИЙН ПРОТОКОЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ОЗОН ЗАДАЛДАГ БОДИСЫН ИМПОРТ, ЭКСПОРТОД ХЯНАЛТ ТАВИХ ГААЛИЙН БОЛОН БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТЫН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ” сэдэвт гаалийн болон байгаль орчны улсын байцаагч нарын сургалтыг цахимаар зохион байгууллаа.

Уг сургалтад ГЕГ-ын Гаалийн хяналт шалгалтын газар, Гаалийн хорио цээрийн газар, Улаанбаатар хот дахь гаалийн газар, Чингис Хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар, Замын-Үүд дэх гаалийн газар, Гашуунсухайт дахь гаалийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нийт 51 гаалийн болон байгаль орчны улсын байцаагч оролцлоо.

БОАЖЯ-ны Озоны үндэсний албаны захирал проф.Ц.Адъяасүрэн сургалтыг нээж Монгол Улс “Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн Протокол”-оор хүлээсэн үүргээ биелүүлэхэд гаалийн болон байгаль орчны улсын байцаагч нарын мэдлэг, ур чадвар чухал үүрэгтэй болохыг онцлов. Мөн Гаалийн ерөнхий газрын дэд дарга Г.Энхтайван сургалтын үеэр Озоны үндэсний алба болон Гаалийн ерөнхий газар олон жилийн турш хамтран ажиллаж, сургалт зохион байгуулсны үр дүнд гаалийн байцаагчид химийн хорт бодисын нэг төрөл болох озон задалдаг бодист хил, гаалийн хяналт тавих чадавхыг тасралгүй бэхжүүлж буйг дурдан, энэхүү сургалтад гаалийн хяналтын байцаагчдыг идэвхтэй хамрагдахыг уриалж, цаашдын хяналт шалгалтын үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой болохыг сануулав.

БОАЖЯ-ны Озоны үндэсний алба, Гаалийн хяналт шалгалтын газар, Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газар,Татварын орлогын газар, Гаалийн төв лабораторийн бүрэлдэхүүн бүхий сургагч багш нар доорх сэдвүүдийн хүрээнд сургалтыг зохион байгуулав:

  • Озоны давхаргын цоорхой, олон улсын хариу арга хэмжээ;
  • Монгол Улсад ГХФН/HCFC бодисыг үе шаттай бууруулах менежментийн төлөвлөгөөний (HPMP) концепц, хэрэгжүүлэх үйл ажиллагаа;
  • Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжид тусгай зөвшөөрөл олгох тогтолцоо;
  • Озон задалдаг болон бусад орлуулах бодисын талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга хэмжээ, эрсдэлд суурилсан гаалийн хяналт;
  • Озон задалдаг болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийн гаалийн бүрдүүлэлтэд шаардлагатай мэдээлэл, барааны ангиллыг тодорхойлох, хаяг, шошго сав, баглаа боодлын төрөл;
  • iPIC – Сайн дураараа урьдчилан мэдээлэх, зөвшилцөх цахим тогтолцоо;
  • Озон задалдаг бодисын хууль бус худалдаатай тэмцэх, хууль бус бодисыг илрүүлэх, хураах асуудал;
  • Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодистой ажиллах аюулгүй ажиллагаа.

Монголын хөргөлт, халаалт, агааржуулалтын холбоо (МХХАХ)-оос гаалийн газар, хороодод хөтөлбөрийн санхүүжилтээр олгосон озон задалдаг бодис тодорхойлох багаж, төхөөрөмжтэй хэрхэн ажиллах талаар дадлага ажлыг видео хэлбэрээр бэлтгэж оролцогчдод хүргэв.

Сургалтын төгсгөлд дараах хоёр сэдвээр ажлын бүлэгт хуваагдан хэлэлцэж санал солилцов.

Сэдэв 1: Алслагдсан байршлууд дахь гааль болон хилийн хяналтын байцаагч нарт хөргөх бодисын импортод хатуу хяналт тавих эрсдэлийн удирдлагын талаарх сургалтыг хэрхэн бэхжүүлэх вэ?

Сэдэв 1-ийн хэлэлцүүлгийн үр дүнд:

Сургалтад оролцогч гаалийн болон байгаль орчны улсын байцаагчид алслагдсан байршлууд дахь гааль болон хилийн хяналтын байцаагч нарыг хөргөх бодистой холбоотой гарын авлагаар хангах, сургалт зохион байгуулахын зэрэгцээ цаашид зохион байгуулсан сургалтуудын дараа сорил авч, тодорхой хэмжүүрээр дүгнэж, тэнцсэн оролцогчдод гэрчилгээ олгох санал гаргалаа.

Сэдэв 2: Озон задалдаг гидрохлорфторт нүүрстөрөгч (HCFC/ГХФН) бодис ашигласан хөөсөнцөр, хуванцар сав үйлдвэрлэх машин төхөөрөмж, озон задалдаг бодис HCFC-141b болон HFC-227ea, HFC-245fa, HFC-365mfc төрлийн хүлэмжийн хий агуулсан урьдчилан хольсон барилгын дулаалгын хөөсөнцрийн полиол болон хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжийг CAIS – Customs Administration Information System (Гаалийн хэрэглэгчдэд зориулсан мэдээллийн систем) системээр хэрхэн хянах вэ?

Сэдэв 2-ын хэлэлцүүлгийн үр дүнд:

Хяналт шалгалтын үйл явцад озон задалдаг бодис агуулж/ашиглаж байх магадлалтай тоног төхөөрөмж импортолж байх тохиолдолд ахлах байцаагчдаа мэдэгдэн хорио цээрийн болон байгаль орчны байцаагчийг томилуулж ажиллуулах, озон задалдаг бодистой холбоотой хяналт шалгалтад гаалийн хяналтын байцаагчид дор бүрнээ хариуцлагатай, хууль, журмын дагуу ажиллахыг анхааруулав.

Озон задалдаг гидрохлорфторт нүүрстөрөгч (HCFC/ГХФН) бодис ашигласан хөөсөнцөр, хуванцар сав үйлдвэрлэх машин төхөөрөмж, озон задалдаг бодис HCFC-141b болон HFC-227ea, HFC-245fa, HFC-365mfc төрлийн хүлэмжийн хий агуулсан урьдчилан хольсон барилгын дулаалгын хөөсөнцрийн полиол болон хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжийг CAIS системээр хэрхэн хянах талаар гаалийн холбогдох газар, хэлтэстэй дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзэв.  

Сургалтын үр дүнд гаалийн болон байгаль орчны улсын байцаагч нар Монреалийн протокол, Кигалийн нэмэлт, өөрчлөлт, олон улсын хариу арга хэмжээ, озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийн зөвшөөрлийн үндэсний тогтолцоо түүнтэй холбоотой хууль тогтоомж, бусад холбогдох мэдлэг, мэдээллийг авч чадавхаа бэхжүүлснээс гадна хэлэлцүүлгийн сэдвийн хүрээнд цаашид озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийн хил, гаалийн хяналт шалгалтыг хэрхэн бэхжүүлж, хэрэгжүүлэх талаар санал солилцов.

 

 

2022-12-09 00:00:00