Монгол Улсад “Гидрохлорфторт нүүрстөрөгч (ГХФН) бодисыг үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөр (HPMP)”-ийн II шатны хэрэгжилтийн хүрээнд БОАЖЯ-ны Озоны үндэсний алба (ОҮА)-аас НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Монреалийн Протоколоор зохицуулдаг хөргөх бодисын Монгол Улсын импорт, хэрэглээ, Кигалийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх хяналтын тогтолцоонд хийсэн дүн шинжилгээ, стандарт үйл ажиллагааны журмын төслийг танилцуулах” оролцогч талуудын зөвлөлдөх уулзалтыг 2022 оны 12 сарын 01-ний өдөр зохион байгууллаа.
Уулзалт нь Монгол Улсад одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй квот, зөвшөөрлийн тогтолцооны нөхцөл байдал, цаашид хэрхэн бэхжүүлэх талаар хийсэн дүн шинжилгээ, судалгааны ажлын урьдчилсан үр дүн, озон задалдаг бодисын квот, зөвшөөрлийн хүсэлт болон зөвшөөрөл олголтын үйл явцад нэвтрүүлэх стандарт үйл ажиллагааны зааврын (журмын) төслийг оролцогч талуудад танилцуулж, оролцогчдоос гарсан санал шүүмжийг судалгааны ажил, журмын төсөлд тусгаж, нэгтгэн эцэслэх зорилготой байв.
Уулзалтад Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрүүл мэндийн яам, Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжилзүйн газар, Гаалийн Ерөнхий газрын холбогдох газар, хэлтсийн гаалийн улсын байцаагчид, Монголын хөргөлт, халаалт, агааржуулалтын холбоо болон озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмж импортолдог аж ахуйн нэгжүүд, барилгын дулаалгын хөөсөнцөр үйлдвэрлэгчид, барилга, хүнс, сав баглаа боодлын мэргэжлийн холбоод зэрэг нийт 52 төлөөлөл оролцлоо.
Монгол Улсын Улсын Их хурал 2022 оны 1 дүгээр сарын 18-д Монреалийн Протоколын Кигалийн нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн орох тухай хууль баталж , НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мөн оны 7 дугаар сарын 27-д албан ёсоор Нэгдэн орсон захирамжийг Монгол Улсын Засгийн газраас хүлээн авснаар озоны үе давхаргад сөрөг нөлөөгүй ч дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар (ДДНЧ) өндөртэй гидрофторт нүүрстөрөгч (ГФН) төрлийн хөргөх бодисын хэрэглээг 2024 оноос эхлэн үйлдвэрлэл, импорт, хэрэглээг үе шаттай бууруулах үүрэг хүлээж байна.
Тиймээс энэхүү уулзалтын үр дүн нь ГФН-ийн төрлийн бодисын импорт, хэрэглээнд зөвшөөрөл олгох, тайлагнах механизмыг одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй зөвшөөрлийн тогтолцоонд бэхжүүлэх, цогцоор нь хэрэгжүүлэхэд бэлэн байх нөхцөлөөр хангахад дэмжлэг болох юм.
“Гидрохлорфторт нүүрстөрөгч (ГХФН) төрлийн хөргөх бодисыг үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “ГХФН хөргөх бодист үр дүнтэй хяналт тавих, Кигалийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд тоо хэмжээ, тусгай зөвшөөрөл, мэдээллийн хяналтын тогтолцоог хянан үзэх” судалгааны ажлыг хийж гүйцэтгээд байна.
Энэхүү уулзалтад БОАЖЯ, БОАЖЯ-ны Озоны үндэсний алба, Судалгааны багаас эрхлэн доорх сэдвүүдийн хүрээнд илтгэл, судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлэв:
Уулзалтын төгсгөлд судалгааны багийн танилцуулсан хөргөх бодисын импорт, Кигалийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх хяналтын тогтолцоонд хийсэн дүн шинжилгээ, боловсруулсан санал, стандарт үйл ажиллагааны журмын төсөлд оролцогч талууд саналаа өгөх хэлэлцүүлэг зохион байгуулав.
Хэлэлцүүлгийн үр дүнд оролцогч талуудаас гаргасан саналуудыг гүйцэтгэсэн судалгаа, дүн шинжилгээний хүрээнд боловсруулсан санал, судалгааны тайлан, стандарт үйл ажиллагааны журмын төсөлд тусгаж тэдгээрийг эцэслэхээр тогтлоо.