• (+976) 11-312458
  • mongolia.ozone@gmail.com
Импортлогч, гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнүүдэд зориулсан озон задалдаг бодис болон бусад орлуулах бодисын тээвэрлэлт, тайлагналтыг зөв мэдүүлэх чадавхыг бэхжүүлэх цахим сургалтыг 2022 оны 11 сарын 09-ний өдөр амжилттай зохион байгууллаа

Импортлогч, гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнүүдэд зориулсан озон задалдаг бодис болон бусад орлуулах бодисын тээвэрлэлт, тайлагналтыг зөв мэдүүлэх чадавхыг бэхжүүлэх цахим сургалтыг 2022 оны 11 сарын 09-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Уг сургалтад озон задалдаг бодис болон орлуулах бодис импортлогчид, тусгай зөвшөөрөл хариуцсан итгэмжлэгдсэн төлөөлөгчид, барилгын дулаалгын хөөсөнцөр үйлдвэрлэгчид, гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнүүд, мэргэжлийн холбоо, гаалийн холбогдох газар, хэлтсийн ГУБ, сургагч багш нараас бүрдсэн нийт 40 оролцогч хамрагдсан бөгөөд БОАЖЯ-ны Озоны үндэсний албаны захирал Проф.Ц.Адъяасүрэн, Гаалийн зуучлалын мэргэшсэн холбооны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга О.Цолмон нар сургалтын нээлтийн үгийг хэлж, Монгол улс озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн Протоколоор хүлээсэн үүргээ биелүүлэхэд оролцогч бүрийн хамтын ажиллагаа, мэдлэг, ур чадвар чухал үүрэгтэй болохыг онцлон дурдлаа.

Энэхүү сургалтын сэдвийн хүрээнд:

  • Озоны давхарга, Монреалийн Протокол, Кигалийн нэмэлт, өөрчлөлт, Озоны үндэсний албаны хүлээсэн үүрэг, хариуцлага болон сургалтын зорилгыг гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнүүд болон импортлогч аж ахуйн нэгж байгууллагуудад таниулж, мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх
  • Монреалийн Протоколын дагуу хяналтад байх озон задалдаг бодисууд, озоны үе давхаргад сөрөг нөлөөгүй ч дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар (ДДНЧ) өндөртэй гидрофторт нүүрстөрөгч (ГФН/HFC), тэдгээрийн орлуулах бодисын ангилал, нэр төрөл
  • Озон задалдаг бодис, урьдчилан хольсон полиол болон ГФН агуулсан тоног төхөөрөмж, сав, баглаа боодол
  • Гаалийн мэдүүлэгт зориулсан ОЗБ болон орлуулах бодис, урьдчилан хольсон полиол, хөргөлт агааржуулалтын тоног төхөөрөмжийн уялдуулсан системийн (HS) код ба тайлбар
  • 2016-2019 оны ГХФН төрлийн хөргөх бодисын хэрэглээнд хийсэн хянан магадалгааны үр дүнгийн танилцуулга, үндэсний түвшний үүрэг хариуцлага, ГХФН бодисыг үе шаттай бууруулах менежментийн төлөвлөгөө, хөтөлбөрийн зорилго
  • Монгол дахь HCFC & HFC бодис ашигладаг салбарууд, үндэсний импорт/экспортын зөвшөөрлийн тогтолцоо, тоо хэмжээний /квот/ систем
  • Кигалийн нэмэлт өөрчлөлтийг соёрхон баталснаар цаашид илүү олон бодис хяналтад байх тул гааль болон гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнүүд ОҮА-нд дэмжлэг үзүүлж, мэдээг хянаж, хамтран ажиллах
  • ОЗБ, ГФН болон бусад орлуулах бодисын тоо хэмжээ (квот), импортод хяналт тавихад CAIS систем хэрхэн ажилладаг талаар танилцуулах сэдвүүдийн хүрээнд сургалтыг зохион байгуулав.

Энэхүү сургалтын үр дүн нь гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнүүд, импортлогчдын идэвх оролцоог нэмэгдүүлэх, оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, нийт оролцогчдын Монреалийн Протоколыг хэрэгжүүлэх хүрээнд ГХФН/HCFC озон задалдаг хөргөх бодисыг хэрэглээнээс гаргах бодлого, дүрэм журмын талаарх мэдлэг мэдээлэл нэмэгдэх, ГФН/HFC хөргөх бодисын суурь түвшин тогтоох жилүүдийн худалдааны үнэн зөв статистик мэдээний ач холбогдлыг ойлгох, ГХФН/HCFC, ГФН/HFC бодист хяналт тавихад тээвэрлэлт, импортын бүртгэл хөтлөлт, тайлагналтыг хэрэгжүүлэх хүний нөөцийн чадавх бэхжих бодит илрэл болж байна.

2022-11-10 20:36:17