• (+976) 11-312458
  • mongolia.ozone@gmail.com
“МОНРЕАЛИЙН ПРОТОКОЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ОЗОН ЗАДАЛДАГ БОДИСЫН ИМПОРТ, ЭКСПОРТОД ХЯНАЛТ ТАВИХ ГААЛИЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ”СУРГАЛТЫГ ТАНХИМААР ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Хугацаа: 2022 оны 05 сарын 19-20-ны өдрүүд

Дэмжигч байгууллага: НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр & Монреалийн протоколыг хэрэгжүүлэх Олон талт сан

“ГХФН/HCFC бодисыг үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөр (HPMP)”-ийн хэрэгжилтийн хүрээнд БОАЖЯ-ны Озоны үндэсний алба (ОҮА)-аас Гаалийн ерөнхий газар (ГЕГ)-тай хамтран “МОНРЕАЛИЙН ПРОТОКОЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ОЗОН ЗАДАЛДАГ БОДИСЫН ИМПОРТ, ЭКСПОРТОД ХЯНАЛТ ТАВИХ ГААЛИЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ” сэдвээр гаалийн улсын байцаагч нарын сургалтыг танхимаар зохион байгууллаа.

Уг сургалтад Гаалийн  хяналт шалгалтын газар, Гаалийн хорио цээрийн газар, Гаалийн төв лаборатори, Улаанбаатар хот дахь Гаалийн газар, Чингис Хаан олон улсын нисэх буудал дахь Гаалийн газар, Замын-Үүд дэх Гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн Гаалийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газруудаас бүрдсэн нийт 28 гаалийн улсын байцаагч оролцсон бөгөөд БОАЖЯ-ны Озоны үндэсний албаны захирал проф.Ц.Адъяасүрэн, Улаанбаатар хот дахь гаалийн газрын орлогч дарга П.Сүхбаатар нар сургалтыг нээж үг хэлээд Монгол Улс “Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протокол”-оор хүлээсэн үүргээ биелүүлэхэд гаалийн улсын байцаагч, байгаль орчны улсын байцаагчдын мэдлэг, ур чадвар чухал үүрэгтэй болохыг онцлов.

БОАЖЯ-ны Озоны үндэсний алба, Гаалийн хяналт шалгалтын газар, Татварын орлогын газар, Гаалийн төв лабораторийн бүрэлдэхүүн бүхий сургагч багш нар доорх сэдвүүдийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэв:

  • Озоны давхаргын цоорхой, олон улсын хариу арга хэмжээ;
  • Монгол Улсад ГХФН/HCFC бодисыг үе шаттай бууруулах менежментийн төлөвлөгөөний (HPMP) концепц, хэрэгжүүлэх үйл ажиллагаа;
  • Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжид тусгай зөвшөөрөл олгох тогтолцоо;
  • Озон задалдаг бодис болон оруулах бодис, түүнийг агуулсан бүтээгдэхүүний  хяналтад гаалийн байгууллагын оролцоо, тулгамдаж буй асуудал
  • Озон задалдаг болон орлуулах бодисын талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга хэмжээ, эрсдэлд суурилсан гаалийн хяналт
  • ОЗБ-той холбоотой зөрчил, мэдүүлгийн алдаа
  • Гаалийн бүрдүүлэлтэд шаардлагатай мэдээлэл/HCFC-ийн худалдааны нэршил, ангилал
  • Монгол Улсад ашигладаг хөргөх бодисууд болон хөөсөнцөрийн үйлдвэрийн хэрэглээ
  • Импорт, экспортыг хянах, тодорхойлоход лабораторийн үүрэг
  • Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодистой ажиллах аюулгүй ажиллагаа.
  • Гаалийн ажилтнуудын шалгах хуудас
  • БНХАУ-ын ОЗБ-ын  худалдааны хяналтыг гаалийн эрсдэлийг тодорхойлох тогтолцоонд оруулах
  • БНХАУ- д ОЗБ болон HFC хяналтын системийн нэвтрүүлсэн нь, тэдгээрт IPIC системийг хэрэгжүүлж буй байдал
  • БНХАУ-аас Монгол руу экспортлох импортын мэдээллийг хуваалцах
  • Озон задалдаг бодис болон ОЗБ агуулсан бүтээгдэхүүнийг тодорхойлох, ОЗБ - ын хууль бус худалдаатай тэмцэх, хууль бус бодисыг илрүүлэх, хураах асуудал;
  • ОЗБ –ыг таньж тодорхойлох, химийн найрлагыг тодорхойлох дадлагын ажил

Монголын хөргөлт, халаалт, агааржуулалтын холбоо (МХХАХ)-оос гаалийн газар, хороодод НҮБ-ын БОХ-ын санхүүжилтээр олгосон озон задалдаг бодис болон орлуулах бодис тодорхойлох багаж, төхөөрөмжтөй хэрхэн ажиллах талаар дадлага ажлыг оролцогчдод танилцуулж, хөргөх бодис таних дадлага ажил зохион байгуулав.

Сургагч багш бэлтгэх сургалтын үр дүнд оролцогчдын ГХФН-ийн хяналтын талаарх мэдлэг дээшилж,  мөн хамтран ажиллагч байцаагчдыгаа ажлын байрандаа үр дүнтэй сургах чадавх эзэмшсэн нь сургалтын үнэлгээнээс харагдаж байлаа. Сургалтын үр дүнд мэргэшсэн гаалийн сургагч багш нар болон гол оролцогч талууд бий болж, тогтвортой сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал, цаашид Монгол улсын бусад гаалийн ажилтнуудыг сургах зөвлөмжийг боловсруулах явдал юм. Эдгээр бэлтгэгдсэн сургагч багш нар ОЗБ болон орлуулах бодис, тэдгээрт суурилсан тоног төхөөрөмжийн импортод тавих хяналт шалгалтыг сайжруулж, ОЗБ, орлуулах бодис импортлогчдын мэдээллийн санг үнэн зөв бүрдүүлэх юм.

Сургалтаар бэлтгэгдсэн сургагч багш нар газар хороод, ажлын байрандаа түгээн дэлгэрүүлэх, дараагийн сургалтын үр дүнд хэрхэн мониторинг хийх, цаашдаа БОАЖЯ-ны ОҮА-аас сургалт зохион байгуулах хугацааг тохирох болон сургалтын хөтөлбөрт нэмж оруулах асуудлыг сургалтын  хэлэлцүүлгийн үеэр санал болгож байлаа. Сургалтын ажиллагаа үр дүнтэй, ажил хэрэгч, чанартай болсон талаар оролцогчид санал бодлоо илэрхийлсэн байна.  Саналыг нэгтгэн ГЕГ-т илгээхээр тогтов.

 

 

2022-05-19 00:00:00