• (+976) 11-312458
  • mongolia.ozone@gmail.com
“ОЗОН ЗАДАЛДАГ БОДИСЫН ИМПОРТ, ЭКСПОРТОД ХЯНАЛТ ТАВИХ НЬ” сэдэвт гаалийн улсын байцаагч нарын сургалтыг цахимаар зохион байгууллаа

Зохион байгуулагч:
БОАЖЯ-ны Озоны үндэсний алба & Гаалийн ерөнхий газар

Дэмжигч байгууллага:
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр & Монреалийн протоколыг хэрэгжүүлэх Олон талт сан

 

“ГХФН/HCFC бодисыг үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөр (HPMP)”-ийн хэрэгжилтийн хүрээнд 2021 оны 09 сарын 23-ны өдөр БОАЖЯ-ны Озоны үндэсний алба (ОҮА)-аас Гаалийн ерөнхий газар (ГЕГ)-тай хамтран “ОЗОН ЗАДАЛДАГ БОДИСЫН ИМПОРТ, ЭКСПОРТОД ХЯНАЛТ ТАВИХ НЬ” сэдэвт гаалийн улсын байцаагч нарын сургалтыг цахимаар зохион байгууллаа.

Уг сургалтад Гаалийн хяналт шалгалтын газар, Гаалийн төв лаборатори, Улаанбаатар хот дахь гаалийн газар, Чингис Хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газраас бүрдсэн нийт 39 гаалийн улсын байцаагч оролцсон бөгөөд БОАЖЯ-ны Озоны үндэсний албаны захирал проф.Ц.Адъяасүрэн, ГЕГ-ын Хяналт, шалгалтын газрын дарга Б.Баттөр, Улаанбаатар хот дахь гаалийн газрын орлогч дарга П.Сүхбаатар нар сургалтыг нээж үг хэлээд Монгол Улс “Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протокол”-оор хүлээсэн үүргээ биелүүлэхэд гаалийн улсын байцаагч нарын мэдлэг, ур чадвар чухал үүрэгтэй болохыг онцлов.

БОАЖЯ-ны Озоны үндэсний алба, Гаалийн хяналт шалгалтын газар, Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газар, Татварын орлогын газар, Гаалийн төв лабораторийн бүрэлдэхүүн бүхий сургагч багш нар доорх сэдвүүдийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэв:

  • Озоны давхаргын цоорхой, олон улсын хариу арга хэмжээ;
  • Монгол Улсад ГХФН/HCFC бодисыг үе шаттай бууруулах менежментийн төлөвлөгөөний (HPMP) концепц, хэрэгжүүлэх үйл ажиллагаа;
  • Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжид тусгай зөвшөөрөл олгох тогтолцоо;
  • Озон задалдаг болон бусад орлуулах бодисын талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга хэмжээ, эрсдэлд суурилсан гаалийн хяналт;
  • Озон задалдаг болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийн гаалийн бүрдүүлэлтэд шаардлагатай мэдээлэл, барааны ангиллыг тодорхойлох, хаяг, шошго сав, баглаа боодлын төрөл;
  • iPIC – Сайн дураараа урьдчилан мэдээлэх, зөвшилцөх цахим тогтолцоо;
  • Озон задалдаг бодисын хууль бус худалдаатай тэмцэх, хууль бус бодисыг илрүүлэх, хураах асуудал;
  • Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодистой ажиллах аюулгүй ажиллагаа.

Монголын хөргөлт, халаалт, агааржуулалтын холбоо (МХХАХ)-оос гаалийн газар, хороодод хөтөлбөрийн санхүүжилтээр олгосон озон задалдаг бодис тодорхойлох багаж, төхөөрөмжтөй хэрхэн ажиллах талаар дадлага ажлыг цар тахлын нөхцөл байдалтай уялдуудан видео хэлбэрээр бэлтгэж оролцогчдод танилцуулав.

Сургалтын төгсгөлд Монгол Улсад озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийн импортын зөвшөөрлийн тогтолцоог хил гааль дээр хэрхэн үр дүнтэй хянах талаар болон ГХФН/HCFC төрлийн озон задалдаг бодис агуулсан тоног төхөөрөмжийг 2022 оны 01 сарын 01-ээс Монгол Улсад шинээр импортлохыг хориглох талаар ажлын бүлэгт хуваагдан хэлэлцэж санал солилцов.

Хэлэлцүүлгийн үр дүнд дараах санал зөвлөмж гарав. Үүнд:

1.    Зөвшөөрлийн тогтолцоог хил гааль дээр үр дүнтэй хянах талаар онлайн мэдээллийн платформ нэвтрүүлэх, мэдээлэл шалгах систем механизмыг сайжруулж гаалийн CAIS системтэй холбох;

2.    ГХФН/HCFC бодис агуулсан тоног төхөөрөмжийг 2022 оны 01 сарын 01-ээс улсын хилээр шинээр импортлохыг хориглох талаар тухайн тоног төхөрөөмжид үндэсний ангиллын кодын задаргаа хийж баталгаажуулах, импортлогч хэрэглэгчдэд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр холбогдох мэдээллийг түгээх.

Сургалтын үр дүнд гаалийн улсын байцаагч нар озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийн зөвшөөрлийн тогтолцоо түүнтэй холбоотой хууль тогтоомж, бусад холбогдох мэдээллийг авахаас гадна цаашид хэрхэн сайжруулах, хэрэгжүүлэх талаар санал солилцов.

2021-09-27 18:54:02