2026 оны 6 дугаар сарын 2–5-ны өдөр — Монгол Улсын Озоны үндэсний алба, Эрчим хүчний зохицуулах хороо болон Монголын Хөргөлт, Халаалт, Агааржуулалтын Холбооны төлөөлөгчид хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжийн Эрчим хүчний хамгийн бага гүйцэтгэлийн стандарт (Minimum Energy Performance Standards, MEPS) болон эрчим хүчний үр ашгийн шошгожуулалтын тогтолцоог хөгжүүлэх, хэрэгжүүлэх чиглэлээр БНХАУ-д туршлага судлах сургалт, уулзалтад оролцлоо.
Тус сургалт, уулзалтыг БНХАУ-ын Экологи, байгаль орчны яамны Гадаад хамтын ажиллагааны төв (FECO/MEE), НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн OzonAction хөтөлбөрийн Өмнөд Азийн бүсийн багтай хамтран зохион байгуулсан бөгөөд Монреалийн протоколын хэрэгжилтийг дэмжих Олон талт сангийн (MLF) санхүүжилтээр хэрэгжүүллээ.
Айлчлалын хүрээнд Монголын төлөөлөгчид Хятадын Стандартчиллын үндэсний хүрээлэн (CNIS), Хятадын Ахуйн цахилгаан хэрэгслийн судалгааны хүрээлэн (CHEARI), Хятадын Чанарын баталгаажуулалтын төв (CQC), Хятадын Хөргөлт, агааржуулалтын салбарын холбоо (CRAA) болон үйлдвэрлэлийн байгууллагуудад зочилж, MEPS боловсруулах арга зүй, бүтээгдэхүүний туршилт, баталгаажуулалт, цахим бүртгэлийн систем, зах зээлийн хяналтын тогтолцооны талаар туршлага судлан, холбогдох байгууллагуудтай санал солилцлоо.
БНХАУ-ын туршлагаас харахад хөргөлт, агааржуулалтын салбарт эрчим хүчний үр ашгийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд стандарт боловсруулах, лабораторийн туршилт хийх, бүтээгдэхүүн баталгаажуулах, зах зээлийн хяналт хэрэгжүүлэх уялдаа холбоотой тогтолцоо чухал болохыг онцлон тэмдэглэв. Түүнчлэн үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний загвар бүрийг цахим бүртгэлийн системд бүртгүүлж, эрчим хүчний үзүүлэлтийг хянах тогтолцоотой танилцлаа.
Мөн дулааны насос болон хөргөлтийн тоног төхөөрөмжийн гүйцэтгэлийн туршилтын аргачлалтай танилцаж, Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон –40°C хүртэл ажиллах боломжтой агаар-агаар дулааны насосны технологийн талаар мэдээлэл авч, цаашид нутагшуулах боломжийн талаар санал солилцов.
Энэхүү туршлага судлах уулзалт нь Монгол Улсад хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжийн Эрчим хүчний хамгийн бага гүйцэтгэлийн стандарт (MEPS), шошгожуулалтын тогтолцоог хөгжүүлэх, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар багатай (бага GWP-тэй), эрчим хүчний хэмнэлттэй хөргөлтийн технологийг дэмжих чиглэлд чухал ач холбогдолтой боллоо.
Монгол Улс БНХАУ-ын туршлагыг үндэсний нөхцөл, тэр дундаа хүйтэн уур амьсгалын онцлогтой уялдуулан ашиглаж, тогтвортой хөргөлтийн салбарын хөгжлийг дэмжих, MEPS болон эрчим хүчний шошгожуулалтын тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр цаашид ажиллах юм.
Тус туршлага судлах уулзалт нь Монгол Улсад шинээр хөгжүүлж буй хөргөлт, агааржуулалтын салбарын эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэх, MEPS боловсруулах, хэрэгжүүлэх бэлтгэл ажлын чухал хэсэг боллоо.
Энэхүү туршлага судлах айлчлалын талаар НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн (UNEP) OzonAction цахим хуудсанд “Mongolia Advances Energy Efficiency Through South–South Cooperation with China” гарчигтай мэдээ нийтлэгдэж, Монгол Улсын MEPS болон эрчим хүчний шошгожуулалтын тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааг олон улсын түвшинд онцлон мэдээлсэн байна.



