2025 оны 11 дүгээр сарын 07-ны 14:00 цагт Гаалийн ерөнхий газар(ГЕГ)-ын Эрсдэлийн удирдлагын хэлтэс болон ажлын хэсгийнхэнтэй хамтран Монреалийн Протоколоор зохицуулдаг бодисын худалдаатай холбоотойгоор эрсдэлийг тодорхойлох ажлыг бэхжүүлэх талаар уулзалт зохион байгууллаа.
Тус уулзалтад ГЕГ-ын дэргэдэх Сургалтын төвийн дарга Ч.Мөнххишиг, сургалтын төвийн багш, Гаалийн улсын байцаагч (ГУБ) Н.Нямгэрэл, Эрсдэлийн удирдлагын хэлтсийн Гаалийн улсын ахлах байцаагч (ГУАБ) Ц.Болор-Эрдэнэ, Хяналт бүрдүүлэлтийн газрын ГУБ Л.Амартүвшин, Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн ГУБ Г.Баярмаа болон БОУАӨЯ-ны Озоны үндэсний албаны ахлах мэргэжилтэн, төслийн нэгжийн зохицуулагч Д.Дуламсүрэн, ОҮА-ны мэргэжилтэн Б.Номингэрэл нар оролцлоо.
Уулзалтаар 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ГЕГ-ын даргын А/735 тоот тушаалаар батлагдсан Монреалийн Протоколоор зохицуулдаг озон задалдаг бодис, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй бодис, тэдгээрийн эрсдэлийн профайлыг шинэчлэн боловсруулах зорилгоор Дэлхийн Гаалийн байгууллагын заавар, зөвлөмжийг орчуулах, сургалтын модуль боловсруулж, батлуулан гаалийн бүх түвшний сургалтын хөтөлбөрт заавал судлах агуулгаар суулгах, эрсдэлийн удирдлагын программ дахь шалгуур үзүүлэлтийг шинэчлэх, түүний дагуу гаалийн хяналтыг сайжруулах Ажлын хэсгийн ажлын хэрэгжилтийн явцыг хэлэлцэж, эрсдэлийн удирдлагын программ дахь шалгуур үзүүлэлтэд Монреалийн Протоколоор зохицуулдаг бодис, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүний эрсдэлийн зэргийг дахин эргэн харж, шинэчлэхээр тогтлоо.
