2025 оны 11 дүгээр сарын 03-ны 13:00 цагт Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуультай хамтран “Хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжийн угсралт, ашиглалтын техникч” мэргэжлийн Техникийн боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар хэлэлцэх уулзалтыг “Гидрохлорфтортнүүрстөрөгч (ГХФН/HCFC) бодисыг үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөр (HPMP)”-ийг II шатны хэрэгжилтийн хүрээнд зохион байгууллаа.
Тус уулзалтад ХҮТИС-ийн дотоод хяналт, чанарын менежер, доктор (Ph.D.), дэд профессор М.Ганболд, сургалтын албаны дарга Ж.Бат-Амгалан, хөргөлтийн инженер, дэд профессор П.Алтанцэцэг болон БОУАӨЯ-ны Озоны үндэсний албаны ахлах мэргэжилтэн, төслийн нэгжийн зохицуулагч Д.Дуламсүрэн, ОҮА-ны мэргэжилтэн Б.Номингэрэл нар оролцлоо.
Уулзалтаар Хөдөлмөрийн сайдын 2019 оны А/134 дугаар тушаалаар баталсан Техникийн боловсрол, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн загварын дагуу шинэчлэн боловсруулсан “Хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжийн угсралт, ашиглалтын техникч” мэргэжлийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн танилцуулгыг тус сургуулийн Хөргөлтийн тэнхимийн багш дэд профессор П.Алтанцэцэг болон ОҮА-ны ахлах мэргэжилтэн, төслийн нэгжийн зохицуулагч Д.Дуламсүрэн нар хийж, цаашид хамтран дээрх сургалтын хөтөлбөрийг тус сургууль дээр хэрэгжүүлэхээр санал нэгдэж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, хэрэгжүүлэх санал нэгдлээ.
Шинэчилсэн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрт хөргөлтийн техникийн байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл, тэдгээртэй холбогдох олон улсын болон үндэсний эрх зүйн зохицуулалт, хөргөлт, агааржуулалттай холбоотой стандарт, Монреалийн протоколоор зохицуулдаг хөргөх бодисууд (ГХФН/HCFC, ХФН/HFC)-ыг орлуулах шатамхай, өндөр даралттай, хортой хөргөх бодисуудын засвар үйлчилгээний зөв дадал/сайн арга туршлага(GSPs-Good servicing practices), тэдгээрийн аюулгүй ажиллагаатай холбоотой чадамжийн нэгжийн бүрэлдэхүүн хэсгийг заавал тусгаснаараа онцлог юм.
Монреалийн Протоколыг хэрэгжүүлэх хүрээнд үе шаттай бууруулж буй хөргөх бодисын хэрэглээнээс гарах хугацаа, тэдгээрийг орлуулах бодис бүхий техник, технологийг техникийн боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрт заавал судлах судлагдахуунаар суулгаснаараа хөдөлмөрийн зах зээл гарч буй хөргөлтийн техникчдийн озон-уур амьсгалд ээлтэй технологи сонгох, угсрах, засвар үйлчилгээ хийх мэдлэг, чадвар, хандлага төлөвшил сайжрах ач холбогдолтой. Ингэснээрээ дэлхийн озоны давхаргыг хамгаалахад иргэний болон өөрийн хувь нэмрээ оруулах боломжийг бүрдүүлж буйг ОҮА-ны ахлах мэргэжилтэн, төслийн нэгжийн зохицуулагч Д.Дуламсүрэн онцоллоо.
