2025 оны 10 дугаар сарын 17-ны 16:00 цагт Техник Технологийн их сургуультай хамтран хөргөлт, агааржуулалтын системийн угсралт, засвар үйлчилгээний чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар хэлэлцэх уулзалтыг “Гидрохлорфтортнүүрстөрөгч (ГХФН/HCFC) бодисыг үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөр (HPMP)”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгууллаа.
Тус уулзалтад ТТИС-ийн Ректор, доктор (Ph.D.), профессор Ц.Баярмаа, Сантехник инженерчлэлийн байгууламжийн тэнхимийн эрхлэгч, Монгол улсын Зөвлөх инженер, дэд профессор Л.Нэргүй болон БОУАӨЯ-ны Озоны үндэсний албаны ахлах мэргэжилтэн, төслийн нэгжийн зохицуулагч Д.Дуламсүрэн, ОҮА-ны мэргэжилтэн Б.Номингэрэл нар оролцлоо.
Уулзалтаар “Гидрохлорфтортнүүрстөрөгч (ГХФН/HCFC) бодисыг үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөр (HPMP)”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд боловсруулсан “Хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжийн угсралт, засвар, үйлчилгээ”-ний мэргэжлийн нэг жилийн мэргэжлийн боловсролын чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн танилцуулгыг Сургалтын хөтөлбөр боловсруулах ажлын зөвлөх Ж.Мөнхзул хийв.
Дээрх мэргэжлийн чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрт “Байгаль орчинд ээлтэй хөргөх бодис сонгох” чадамжийн нэгжийг мэргэжлийн суурь хичээлийн заавал судлах чадамжийн нэгж (судлагдахуун)-ны, “Засвар үйлчилгээний үед хөргөх бодистой харьцах” чадамжийн нэгжийг мэргэшүүлэх хэсгийн заавал судлах судлагдахуунд хамруулан хэрэгжүүлэх юм.
Цаашдын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцож, хамтран хэрэгжүүлэхээр санал нэгдлээ.