• (+976) 11-312458
  • mongolia@ozone.mn; mongolia.ozone@gmail.com
Венийн конвенцийн 40 жил, Дэлхийн Озоны Өдрийг хамгаалах өдрийн хэвлэлийн мэдээ

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

ДЭЛХИЙН ОЗОНЫ ДАВХАРГЫГ ХАМГААЛАХ ӨДӨР

2025 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 16

Жил бүрийн 9 дүгээр сарын 16-ны өдрийг дэлхий нийтээрээ “Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Энэ жил бид дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны сорилт улам хурцдаж буй энэ үед, хүн төрөлхтний хамтын хүчин чармайлтаар хийгдсэн хамгийн амжилттай олон улсын гэрээ болох Озоны үе давхаргыг хамгаалах Венийн конвенцийн 40 жилийн ойг Дэлхийн бүх улс орнууд хамтран тэмдэглэж байна.

2025 оны Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдрийн сэдэв : “Шинжлэх ухаанаас Дэлхий нийтийн үйл хэрэг рүү” (From Science to Global Action)

Озоны үе давхаргыг хамгаалах олон улсын гэрээнүүд нь шинжлэх ухааны нотолгоонд тулгуурлан улс орнуудын бодит шийдвэр, хамтын үйл ажиллагаа болон хэрэгжиж чадсан хамгийн тод жишээ юм.

Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд:

·       Озон задалдаг бодисын хэрэглээг дэлхий даяар 99% бууруулсан.

·       Озоны үе давхарга сэргэх хандлагатай болж 2066 онд Антарктидад, 2045 онд Хойд туйлд, 2040 он гэхэд бусад бүсүүдэд 1980 оны түвшинд хүрч нөхөгдөх төлөвтэй байна.

·       Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн Протоколын Кигалийн нэмэлт, өөрчлөлтөөр гидрофторт нүүрстөрөгчийн (HFCs) хэрэглээг үе шаттай бууруулснаар 2100 он хүртэл Дэлхийн дулаарлыг 0.3–0.5°C-аар бууруулах боломжтой. Эрчим хүчний хэмнэлтийн арга хэмжээг хавсруулснаар энэ үр дүнг хоёр дахин нэмэгдүүлэх боломж бий гэж үздэг (unep.org).

Эдгээр ололт нь шинжлэх ухааны судалгаанаас бодит үйл хэрэг рүү шилжсэн дэлхий нийтийн хамтын ажиллагааны хүчин чармайлтын үр дүн гэдгийг илтгэж байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын уриалга

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш:
“Монреалийн Протоколын Кигалийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталж, бүх нийтээр хамтдаа цэцэглэн хөгжих Дэлхийг байгуулцгаая. Энэхүү гэрээ нь олон ургальч үзлийн хүчийг илэрхийлж, хүн төрөлхтөнд уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн ноцтой үр дагаврыг даван туулах итгэл найдвар өгч байна.” хэмээн уриалсан байна.

Монгол Улсын оролцоо

Монгол Улс 1996 онд Венийн конвенц, Монреалийн Протоколд нэгдэн орсноос хойш озоны давхаргыг хамгаалах, озон задалдаг бодисыг хэрэглээнээс гаргах болон дэлхийн дулааралд нөлөөлөх бодисын хэрэглээг үе шаттайгаар бууруулах үүргээ тууштай биелүүлж ирсэн.

·       2022 онд Монгол Улс Кигалийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталж, дэлхий дахинд уг нэмэлт, өөрчлөлтийн соёрхон баталсан 137 дахь орон болсон.

·       Озон задалдаг бодисын импорт, хэрэглээг үе шаттай бууруулах, хяналт шалгалтыг сайжруулах ажлын хүрээнд зөвшөөрөл олголт, бүртгэл, хяналтын системийг боловсронгуй болгож, цахимжуулсан ба олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна.

·       Гаалийн ажилтнууд, хөргөлтийн инженер, техникчдийн чадавхыг дээшлүүлэх сургалтуудыг жил бүр зохион байгуулж, олон улсын гэрээний хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж байна.

·       Олон нийтийн мэдээлэл сурталчилгааг тогтмол явуулж, залуучууд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, иргэний нийгмийн оролцоог өргөжүүлэн хөгжүүлж байна.

Ирээдүй рүү хамтдаа

40 жилийн турш Венийн конвенц, Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн Протокол нь хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үйлсэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсаар ирсэн бөгөөд цаашид ч энэ үүргээ гүйцэтгэсээр байх болно.

“Шинжлэх ухаанаас дэлхий нийтийн үйл хэрэг рүү” уриа нь биднийг шинжлэх ухааны мэдлэг, нотолгоонд тулгуурлан хамтдаа үйл ажиллагаа явуулахыг уриалж байна. Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны сорилтыг даван туулахад дэлхий нийтээрээ хамтран ажиллах нь бидний ирээдүй, хойч үеийн амьдралын баталгаа болох юм.

ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ

Хэзээ: 2025 оны 09 сарын 16-ны өдөр, 11:00 цагт

Хаана: “MN-25” үндэсний телевизийн танхимд

 

2025-09-12 16:21:44