“ГХФН/HCFC төрлийн хөргөх бодисын хэрэглээг үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөр” (HPMP) төслийн II шатны II үеийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөртэй хамтран “ХҮНС, ХУДАЛДАА, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨРГӨЛТИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕХНИКЧДЭД ХӨРГӨЛТИЙН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗӨВ ДАДАЛ (GSP) ОЛГОХ” сэдэвт сургалтыг 2025 оны 02 сарын 20-21-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Дэмжиж ажилласан байгууллагууд:
Монголын Хөргөлт, Халаалт, Агааржлалтын Холбоо
“Хөргөлтийн Шинэ Эрин” сургалт судалгааны төв
Технологийн Дээд Сургууль
АПУ ХК
Сургалтад оролцогчид дараах чиглэлээр мэдлэг, ур чадвар эзэмшив:
Озоны давхаргын хомсдол, Монреалийн протокол, Монреалийн протоколоор хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд Засгийн газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагаануудын талаарх оролцогчдын мэдлэгийг нэмэгдүүлж, озон задалдаг бодисыг агаарт алдалгүйгээр засвар үйлчилгээ хийх, орлуулах бодисыг аюулгүй ашиглаж сурах зөв дадал олгож, хандлагыг өөрчлөх;
Хөргөх бодис, хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмж импортлох зөвшөөрлийн тогтолцоо, хөргөх бодис, тодорхойлолт ба аюулгүй байдлын ангилал, хөргөх систем ба дулааны насос - аюулгүй байдал ба байгаль орчны шаардлагын стандартууд;
Шатамхай, хортой, өндөр даралттай хөргөх бодисуудын шинж чанар, тэдгээрийн аюулгүй ажиллагааны зөв дадал/сайн туршлага нэвтрүүлэх ач холбогдол;
R-290 хөргөх бодист суурилсан технологи болон уламжлалт HCFC/HFC төрлийн хөргөх бодист суурилсан системүүдийн харьцуула;
HCFC/HFC, R-290 хөргөх бодистой хөргөлтийн тоног төхөөрөмжид засвар, үйлчилгээ хийхэд анхаарах зүйлс, дадлага ажил;
Оролцогчдод засвар үйлчилгээний зөв дадлыг эзэмшиж, хөргөх бодисыг зөв ашигласнаар байгаль орчин, эдийн засагт ямар ашиг тустай болох талаар ойлгуулах.
Сургалтад оролцсон хөргөлт, угсралт, засвар үйлчилгээний техникчдийн хөргөх бодис ашиглах мэдлэг, ур чадвар сайжирч, хөргөлт, агааржуулалтын салбарын стандарт, хууль, журам, озон задалдаг бодисын орлуулах бодис, технологийн талаарх сүүлийн үеийн шинэ мэдлэг мэдээллийг олж авлаа. Мөн озон задалдаг бодис ашигладаг хөргөлтийн тоног төхөөрөмжийн угсралт, засвар үйлчилгээний үед хөргөх бодисыг агаарт алдагдуулахгүй цэнэглэх, шатамтхай өндөр даралттай хөргөх бодисыг аюулгүй ашиглах зөв дадлыг эзэмшсэнээр Монгол Улсын олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүргийг биелүүлэхэд инженер, техникийн ажилтнуудын оролцоог нэмэгдүүлж, төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, оролцогч талуудын хүчин чармайлтыг нэгтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулах үндсэн суурь боллоо.
Сургалтад дэмжлэг үзүүлж, мэдлэг туршлагаа харамгүй хуваалцсан Монгол Улсын зөвлөх инженерүүд, ахмад багш нар болон шинэ залуу инженерүүддээ гүн талархал илэрхийлье. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд “АПУ Трэйдинг” ХХК сургалтын дадлага ажилд шаардлагатай R-290 хөргөх бодис бүхий худалдааны хөргүүрийн тоног төхөөрөмжөөр ханган хамтран ажилласанд талархал илэрхийлье.