• (+976) 11-312458
  • mongolia.ozone@gmail.com
ОЗОНЫ ДАВХАРГА НӨХӨН СЭРГЭЖ БАЙГАА НЬ ДЭЛХИЙН ДУЛААРЛЫГ 0.5 ЦЕЛЬСЭЭР НЭМЭГДҮҮЛЭХГҮЙ БАЙХАД ТУСТАЙ АЛХАМ БОЛЖ БАЙНА

Озоны давхарга нөхөн сэргэж байгаа нь Дэлхийн дулаарлыг 0.5 цельсээр нэмэгдүүлэхгүй байхад тустай алхам болж байна.

2023 оны 1 сарын 09-ний өдөр АНУ-ын Цаг уурын нийгэмлэгийн 103 дахь удаагийн хуралдаанд НҮБ-ын Шинжлэх ухааны үнэлгээний ажлын хэсгийн дүгнэлтээр озоны давхарга өнгөрсөн дөчин жилийн дотор нөхөн сэргэх хандлагатай байгаа бөгөөд озон задалдаг химийн бодисыг Дэлхий нийтээр үе шаттайгаар зогсоож чадсанаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах хүчин чармайлт аль хэдийн үр өгөөжөө өгч байгаа талаар танилцуулав. Анх удаа геоинженерчлэл гэх мэт шинэ технологиудыг судлан нэвтрүүлж байгаа уг баг нь озоны давхаргад санамсаргүйгээр үзүүлэх нөлөөллийн талаар анхааруулга өгч байна.

Бүрэн нөхөгдөх зам руу орж байна

Дөрвөн жил тутам нийтлэгддэг НҮБ-ын Монреалийн Протоколын Шинжлэх ухааны үнэлгээний ажлын хэсэг нь хориглосон озон задалдаг бодисын бараг 99%-ийг бүрмөсөн зогсоож чадсаныг баталгаажуулсан байна. Ийнхүү Монреалийн Протокол нь озоны давхаргыг хамгаалж, агаар мандал дахь озоны давхарга мэдэгдэхүйц нөхөгдөж, иргэд нарнаас ирж буй хортой хэт ягаан туяанд өртөх аюулыг бууруулж чадсан байна.

Хэрэв одоогийн бодлогоо хэвээр үргэлжлүүлбэл озоны давхарга 2066 оны орчим Антарктидад, 2045 он гэхэд Хойд туйлд, 2040 он гэхэд дэлхийн бусад хэсгүүдэд озоны давхарга 1980 оны түвшиндээ хүрч (озоны цоорхой үүсэхээс өмнөх) нөхөгдөх төлөвтэй байна. Антарктидын орчимд үүссэн озоны цоорхойн хэмжээ 2019-2021 оны хооронд өөрчлөгдсөн нь цаг уурын нөхцөл байдлаас ихээхэн шалтгаалжээ. Гэсэн хэдий ч Антарктидын хэсэгт үүссэн озоны цоорхой 2000 оноос хойш талбай болон гүний хувьд аажмаар багасаж байна.

“Дөрвөн жил тутам гаргадаг сүүлчийн тайланд дурдсанаас үзвэл озоны давхарга сайтар нөхөн сэргэж байгаа нь гайхалтай үр дүн юм. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монреалийн Протоколын нөлөөллийг онцлохгүй байж болохгүй. Сүүлийн 35 жилийн хугацаанд хэрэгжсэн Монреалийн Протокол нь байгаль орчны төлөө жинхэнэ гайхалтай үр дүнг үзүүлсэн болно ” гэж НҮБ-ын БОХ-ийн Озоны нарийн бичгийн дарга нарын газрын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Мег Секи онцлон тэмдэглэв. "Шинжлэх ухааны үнэлгээний ажлын хийсэн үнэлгээ болон судалгааны тойм нь бодлого, шийдвэр гаргагчдад мэдээлэл өгөхөд тусалдаг Протоколын ажлын чухал бүрэлдэхүүн хэсэг хэвээр байна."

Уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлэх нөлөө

Шинжлэх ухааны үнэлгээний багийн 10 дахь хэвлэл нь уур амьсгалд аль хэдийн үзүүлсэн эерэг нөлөөллийг дахин нотолж байна. Монреалийн Протоколд оруулсан Кигалийн нэмэлт, өөрчлөлт гэж нэрлэгддэг 2016 оны нэмэлт гэрээнд олон төрлийн гидрофторт нүүрстөрөгч (ГХФ/HFC)-ийн үйлдвэрлэл, хэрэглээг үе шаттайгаар бууруулахаар заасан байдаг. Гидрофторт нүүрстөрөгч нь озоны давхаргыг шууд задалдаггүй ч уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлдөг хүчтэй хүлэмжийн хий юм. Энэхүү нэмэлт, өөрчлөлт нь дэлхийн дулаарлыг 2100 он гэхэд 0.3-0.5°C дулаарахаас сэргийлнэ гэж Шинжлэх ухааны үнэлгээний ажлын хэсэг мэдэгдэв (үүнд HFC-23 төрлийн бодисын ялгаруулалтыг оруулаагүй болно).

“Озоны давхаргыг хамгаалах үйл ажиллагаа нь уур амьсгалын өөрчлөлтийг саармагжуулах үйл ажиллагаанд жишиг тогтоож байна. Озоныг залгигч химийн бодисыг үе шаттайгаар зогсоож буй бидний амжилт нь малтмал түлшнээс татгалзаж, хүлэмжийн хийг бууруулах, улмаар температурын өсөлтийг хязгаарлахын тулд яаралтай юу хийж болох, юу хийх ёстойг харуулж байна” гэж ДЦУБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Профессор Петтери Таалас хэлэв.

Хамгийн сүүлийн үеийн үнэлгээг Дэлхийн цаг уурын байгууллага (WMO), НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP), АНУ-ын Далай, агаар мандлыг судлах Үндэсний газар (NOAA), АНУ-ын Агаар мандал, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний газар (NASA) болон Европын холбоо зэрэг олон улсын шинжээчдийн өргөн хүрээний судалгаа, мэдээлэлд үндэслэн хийсэн болно.

Гео инженерчлэл

Шинжлэх ухааны үнэлгээний ажлын хэсэг анх удаа давхраат мандлын аэрозолын тарилга (SAI) гэгддэг давхраат мандалд аэрозолыг зориудаар нэмж оруулснаар озоны давхаргад үзүүлэх болзошгүй нөлөөллийг судалжээ. Нарны гэрлийн тусгалыг нэмэгдүүлэх замаар уур амьсгалын дулаарлыг бууруулах боломжит аргаар давхраат мандлын аэрозолын тарилга (SAI)-ыг санал болгосон байдаг. Гэсэн хэдий ч давхраат мандлын аэрозолын тарилга (SAI) нь "давхраат мандлын температур, орчил урсгал, озоны үйлдвэрлэл болон устгалын хувь хэмжээ, тээвэрлэлтэд нөлөөлж болзошгүй"  зэрэг хүсээгүй үр дагавар гарах эрсдэлтэйг үнэлгээний хэсгийнхэн бас сануулж байна.

Эх сурвалж: https://www.unep.org/

2023-01-11 00:00:00