• (+976) 11-312458
  • mongolia.ozone@gmail.com
“Монреалийн Протоколоор зохицуулдаг хөргөх бодисын Монгол Улсын импорт, хэрэглээ, Кигалийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх хяналтын тогтолцоонд хийсэн дүн шинжилгээ, стандарт үйл ажиллагааны журмын төслийг танилцуулах” зөвлөлдөх уулзалт боллоо.

Монгол Улсад “Гидрохлорфторт нүүрстөрөгч (ГХФН) бодисыг үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөр (HPMP)”-ийн II шатны хэрэгжилтийн хүрээнд БОАЖЯ-ны Озоны үндэсний алба (ОҮА)-аас НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Монреалийн Протоколоор зохицуулдаг хөргөх бодисын Монгол Улсын импорт, хэрэглээ, Кигалийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх хяналтын тогтолцоонд хийсэн дүн шинжилгээ, стандарт үйл ажиллагааны журмын төслийг танилцуулах” оролцогч талуудын зөвлөлдөх уулзалтыг 2022 оны 12 сарын 01-ний өдөр зохион байгууллаа.

Уулзалт нь Монгол Улсад одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй квот, зөвшөөрлийн тогтолцооны нөхцөл байдал, цаашид хэрхэн бэхжүүлэх талаар хийсэн дүн шинжилгээ, судалгааны ажлын урьдчилсан үр дүн, озон задалдаг бодисын квот, зөвшөөрлийн хүсэлт болон зөвшөөрөл олголтын үйл явцад нэвтрүүлэх стандарт үйл ажиллагааны зааврын (журмын) төслийг оролцогч талуудад танилцуулж, оролцогчдоос гарсан санал шүүмжийг судалгааны ажил, журмын төсөлд тусгаж, нэгтгэн эцэслэх зорилготой байв.

Уулзалтад Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрүүл мэндийн яам, Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжилзүйн газар, Гаалийн Ерөнхий газрын холбогдох газар, хэлтсийн гаалийн улсын байцаагчид, Монголын хөргөлт, халаалт, агааржуулалтын холбоо болон озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмж импортолдог аж ахуйн нэгжүүд, барилгын дулаалгын хөөсөнцөр үйлдвэрлэгчид, барилга, хүнс, сав баглаа боодлын мэргэжлийн холбоод зэрэг нийт 52 төлөөлөл оролцлоо.

Монгол Улсын Улсын Их хурал 2022 оны 1 дүгээр сарын 18-д Монреалийн Протоколын Кигалийн нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн орох тухай хууль баталж , НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мөн оны 7 дугаар сарын 27-д албан ёсоор Нэгдэн орсон захирамжийг Монгол Улсын Засгийн газраас хүлээн авснаар озоны үе давхаргад сөрөг нөлөөгүй ч дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар (ДДНЧ) өндөртэй гидрофторт нүүрстөрөгч (ГФН) төрлийн хөргөх бодисын хэрэглээг 2024 оноос эхлэн үйлдвэрлэл, импорт, хэрэглээг үе шаттай бууруулах үүрэг хүлээж байна.

Тиймээс энэхүү уулзалтын үр дүн нь ГФН-ийн төрлийн бодисын импорт, хэрэглээнд зөвшөөрөл олгох, тайлагнах механизмыг одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй зөвшөөрлийн тогтолцоонд бэхжүүлэх, цогцоор нь хэрэгжүүлэхэд бэлэн байх нөхцөлөөр хангахад дэмжлэг болох юм.

“Гидрохлорфторт нүүрстөрөгч (ГХФН) төрлийн хөргөх бодисыг үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “ГХФН хөргөх бодист үр дүнтэй хяналт тавих, Кигалийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд тоо хэмжээ, тусгай зөвшөөрөл, мэдээллийн хяналтын тогтолцоог хянан үзэх” судалгааны ажлыг хийж гүйцэтгээд байна.

Энэхүү уулзалтад БОАЖЯ, БОАЖЯ-ны Озоны үндэсний алба, Судалгааны багаас эрхлэн доорх сэдвүүдийн хүрээнд илтгэл, судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлэв:

  • Монреалийн Протокол, озоны давхарга ба озоны цоорлын байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө;
  • Кигалийн нэмэлт, өөрчлөлтийн агуулга, Монгол Улсад тусах үр дагавар;
  • Монгол Улс Кигалийн нэмэлт, өөрчлөлтийг батламжилсан байдал;
  • “Монгол Улсад Гидрохлорфторт нүүрстөрөгч (ГХФН) төрлийн хөргөх бодисыг үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөр”-ийг олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтэд хийсэн хянан магадалгаа болон өмнөх судалгаануудын үр дүнтэй уялдуулан Монгол Улсад хэрэгжүүлж буй байдал;
  • ОЗБ болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийн тоо квот, хэмжээ, зөвшөөрлийн тогтолцоог дэлгэрэнгүй хянан, улмаар Монреалийн протоколоор Монгол Улсын хүлээсэн үүргийг биелүүлэхүйц тогтолцоог хэрхэн бэхжүүлэх талаар боловсруулсан санал;
  • Улс орны түвшинд мэдээ, материал цуглуулах, хянах, баталгаажуулахтай холбоотой одоогийн үйл явц, аргачлалыг сайжруулах, бэхжүүлэх арга замын талаар боловсруулсан санал;
  • ГХФН болон ГФН-ийн хууль бус худалдаанаас урьдчилан сэргийлэх, тайлан мэдээний үнэн зөв байдлыг хангах зорилгоор ГФН-ийг үе шаттай бууруулах квотын тогтолцоог бий болгох, зөвшөөрлийн тогтолцоог боловсронгуй болгох, түүнчлэн тайлан, хяналтын механизмыг бий болгох талаар боловсруулсан санал;
  • Улс орны бодит байдал, онцлог нөхцөл, хэрэгцээг харгалзан Озоны үндэсний алба болон НҮБ-ийн Байгаль орчны хөтөлбөртэй зөвшилцөн тоо хэмжээ (квот), зөвшөөрөл болон мэдээг баталгаажуулах үйл явцад хамаарах практикт хэрэгжих боломжтой стандарт үйл ажиллагааны журмын төсөл;

Уулзалтын төгсгөлд судалгааны багийн танилцуулсан хөргөх бодисын импорт, Кигалийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх хяналтын тогтолцоонд хийсэн дүн шинжилгээ, боловсруулсан санал, стандарт үйл ажиллагааны журмын төсөлд оролцогч талууд саналаа өгөх хэлэлцүүлэг зохион байгуулав.

Хэлэлцүүлгийн үр дүнд оролцогч талуудаас гаргасан саналуудыг гүйцэтгэсэн судалгаа, дүн шинжилгээний хүрээнд боловсруулсан санал, судалгааны тайлан, стандарт үйл ажиллагааны журмын төсөлд тусгаж тэдгээрийг эцэслэхээр тогтлоо.

2022-12-02 09:47:19