• (+976) 11-312458
  • mongolia@ozone.mn
“МОНГОЛ УЛСАД HCFC/ГХФН ТӨРЛИЙН БОДИСТ СУУРИЛСАН ХӨРГӨЛТ, АГААРЖУУЛАЛТЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ИМПОРТЫГ ХОРИГЛОХ” талаарх оролцогч талуудын зөвлөлдөх уулзалтыг цахимаар зохион байгууллаа

Зохион байгуулагч: БОАЖЯ-ны Озоны үндэсний алба

Дэмжигч байгууллага: НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр & Монреалийн протоколыг хэрэгжүүлэх Олон талт сан

“ГХФН/HCFC бодисыг үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөр (HPMP)”-ийн II шатны хэрэгжилтийн хүрээнд 2021 оны 10 сарын 21-ний өдөр БОАЖЯ-ны Озоны үндэсний алба (ОҮА)-аас “МОНГОЛ УЛСАД HCFC/ГХФН ТӨРЛИЙН БОДИСТ СУУРИЛСАН ХӨРГӨЛТ, АГААРЖУУЛАЛТЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ИМПОРТЫГ ХОРИГЛОХ” талаарх оролцогч талуудын зөвлөлдөх уулзалтыг цахимаар зохион байгууллаа.

Уулзалтад Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн хөгжлийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Улаанбаатар хотын гаалийн газар, Эрчим хүчний зохицуулах хороо, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төв, их дээд сургуулиуд, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын хөргөлт, халаалт, агааржуулалтын холбоо болон озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис ашигладаг хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмж импортлогч, дулаалгын хөөсөнцөр материал үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөллөөс бүрдсэн нийт 53 оролцогч оролцлоо.

Сүүлийн жилүүдэд хөргөлт, агааржуулалтын салбар нь R410A, R404A, R32, R290, R600a зэрэг орлуулах бодист суурилсан технологи руу шилжиж байгаа хэдий ч 2015 оноос хойш HCFC-22 бодист суурилсан агааржуулалтын төхөөрөмжийн импорт дунджаар 76.9%-аар, хөргүүрийн төхөөрөмж дунджаар 27%-аар өссөн хандлагатай байгаа тул Олон талт сангийн Гүйцэтгэх хорооны 86 дугаар хурлын шийдвэрээр Монгол Улсыг 2022 оны 01 дүгээр сарын 01 гэхэд гидрохлорфторт нүүрстөрөгч (ГХФН/HCFC) төрлийн хөргөх бодист суурилсан хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжийн импортыг хориглох шийдвэрийг гаргасан.

Энэхүү уулзалтад НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс Монреалийн протоколын Озоны үйл ажиллагаа хөтөлбөр, удирдлагын газрын Ази, Номхон далайн бүсийн ажилтан хатагтай Элиса Рим HCFC/ГХФН төрлийн хөргөх бодист суурилсан тоног төхөөрөмжийн импортыг хориглох шалтгаан, түүний ач холбогдлын талаар товч танилцуулга хийв. Тэрээр:

  • HCFC/ГХФН төрлийн хөргөх бодист суурилсан тоног төхөөрөмжийн импортыг хориглосноор уг бодисын зах зээлийн эрэлт хэрэгцээг бууруулах,
  • Монгол Улсын хувьд 2030 он хүртэл импортлох зөвшөөрөгдөх дээд хэмжээ (квот) бүхий бодисыг зах зээлд одоо ашиглаж байгаа тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээнд ашиглах боломж бололцоогоор хангах,
  • HFC/ГФН эсвэл байгалийн хөргөх бодист суурилсан хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмж нь HCFC/ГХФН төрлийн хөргөх бодист суурилсан тоног тоног төхөөрөмжтэй харьцуулахад эрчим хүчний хэмнэлттэй зэрэг хэд хэдэн ач холбогдлын талаар дурдав.

Мөн түүнчлэн БОАЖЯ-ны Озоны үндэсний алба, Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт шалгалтын газар, Гаалийн бүрдүүлэлтийн газраас холбогдох мэргэжилтнүүд доорх сэдвүүдийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэв:

  • Озоны давхаргын цоорхойг хамгаалах талаарх олон улсын хариу арга хэмжээ;
  • Гидрохлорфторт нүүрстөрөгч (ГХФН/HCFC)-ийн төрлийн хөргөх бодист суурилсан тоног төхөөрөмжийн импортыг хориглох үндэслэл;
  • Гидрохлорфторт нүүрстөрөгч (ГХФН/HCFC) төрлийн хөргөх бодист суурилсан хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжийн импортыг хориглох шийдвэр, түүнийг хэрэгжүүлэх арга зам

Уулзалтын төгсгөлд 2022 оны 01 дүгээр сарын 01 гэхэд гидрохлорфторт нүүрстөрөгч (ГХФН/HCFC) төрлийн хөргөх бодист суурилсан хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжийн импортыг хориглох шийдвэр гаргах явц, шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар хэлэлцэж санал солилцов.

Хэлэлцүүлгийн үр дүнд:

  1. 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс HCFC төрлийн озон задалдаг бодис ашигладаг тоног төхөөрөмж шинээр импортлохыг хориглох шийдвэр гаргахаар санал нэгдэв.
  2. 2021 оны 11 сарын 05-ны өдөрт багтаан холбогдох оролцогч талууд, аж ахуйн нэгж байгууллагууд шийдвэр гаргах, хориглох тоног төхөөрөмжийн жагсаалт боловсруулахтай холбоотой саналаа ОҮА-нд албан бичгээр ирүүлэх ба санал хүлээн авсны дараа холбогдох оролцогч талуудтай дахин ярилцахаар тохиров.
  3. ГЕГ болон ОҮА-аас оролцогч талууд, аж ахуйн нэгж байгууллагуудын саналд үндэслэн хориглох тоног төхөөрөмжийн жагсаалтыг хамтран боловсруулж, оролцогч талуудтай тохиролцоод Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж БОАЖЯ-нд хүргүүлэхээр тохиров.

 

2021-11-01 14:29:33