• (+976) 11-312458
  • mongolia.ozone@gmail.com
МОНГОЛ УЛСАД ГИДРОХЛОРФТОРТ НҮҮРСТӨРӨГЧ (HCFC)-ИЙН ТӨРЛИЙН ХӨРГӨХ БОДИСЫН ХЭРЭГЛЭЭГ ҮЕ ШАТТАЙ БУУРУУЛЖ, ХЭРЭГЛЭЭНЭЭС ХАЛАХ ТАЛААР ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2020 оны 10 сарын 30-ны өдөр БОАЖЯ-ны Озоны үндэсний албанаас Монгол Улсад гидрохлортфторт нүүрстөрөгч (HCFC)-ийн төрлийн хөргөх бодисын хэрэглээг үе шаттай бууруулж хэрэглээнээс бүрмөсөн халах талаар оролцогч талуудын зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.
 
Уулзалтад БОАЖЯ, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), Гаалийн ерөнхий газар (ГЕГ), Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ), Улаанбаатар хотын гаалийн газар (УБГГ), Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ), Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл арга зүйн төв (МБСҮМАЗТ), Их дээд суургулиуд, Монголын хөргөлт, халаалт, агааржуулалтын холбоо (МХХАХ), Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо (БМҮХ), Озон задалдаг болон бусад орлуулах бодис импортлогч аж ахуй нэгжүүд, Нийслэл дэх хөргүүртэй зоорь, агуулахын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгжүүдээс бүрдсэн 40 орчим төлөөллүүд оролцов.
 
Уулзалтыг дараах хоёр чиглэлийн хүрээнд зохион байгуулсан ба хэд хэдэн зүйлийг онцлон тэмдэглэв.
 
  • 2016-2019 оны HCFC төрлийн хөргөх бодисын хэрэглээнд хийсэн хянан магадалгааны тайлан, түүнээс гарсан зөвлөмжийн хэрэгжилтийг хангах;
  • Монгол Улсын HCFC төрлийн хөргөх бодисын хэрэглээг бууруулах менежментийн хөтөлбөр (HPMP)-ийн II шатны санал боловсруулалтын эцсийн үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох зэрэг болно.
 
Уулзалтын эхэнд БОАЖЯ-ны Озоны үндэсний алба 2016-2019 оны HCFC төрлийн хөргөх бодисын хэрэглээнд олон улсын байгууллагаас хийсэн хянан магадалгаа амжилттай дуусаж, Монгол Улсын Засгийн газар “Озон задалдаг бодисын тухай Монреалийн протокол”-оор хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж байгааг тогтоосон гэдгийг онцлон тэмдэглэж, гар бие, хувь нэмрээ оруулсан оролцогч талуудад талархал илэрхийлэв.
 
Гэсэн хэдий ч 2030 он гэхэд HCFC төрлийн хөргөх бодисын хэрэглээг үе шаттай бууруулж, хэрэглээнээс гаргахад озон задалдаг бодисын хэрэглээнд хяналт тавих тухай үндэсний хууль, дүрэм журмыг бэхжүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах шаардлагатайг санууллаа. Тодруулбал:
 
  • Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодисын импортод тавих хяналтыг сайжруулахын тулд цаашид үндэсний бодлого, хууль, дүрэм журмыг бэхжүүлэхэд холбогдох оролцогч талууд нээлттэй хамтран ажиллах;
  • HCFC болон гидрофторт нүүрстөрөгч (ГФН/HFC)-ийн төрлийн хөргөх бодисын хууль бус худалдаанаас урьдчилан сэргийлэхийн тулд Гаалийн ерөнхий газар (ГЕГ), Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ) болон холбогдох аж үйлдвэрийн салбарын төлөөллүүд цаашид уялдаа холбоогоо бэхжүүлэх;
  • HPMP хөтөлбөрийн II шатны хүрээнд HCFC төрлийн хөргөх бодист суурилсан, түүгээр ажилладаг хөргүүртэй зоорь, агуулахын салбарт судалгаа шинжилгээ хийх, цаашид уг салбарт ашиглаж буй HCFC-22 бодисын хэрэглээг хэрхэн амжилттай бууруулах талаар түлхүү анхааран ажиллах;
  • II шатны хүрээнд цаашид хөргөлт, агааржуулалтын зах зээлд өргөнөөр нэвтрэх байгалийн хөргөх бодис (шатамхай, хортой, өндөр даралттай гэх мэт шинж чанар бүхий)-ын засвар үйлчилгээг зөв зохистой хийх, засварчин техникчдийг чадавхжуулах асуудал чухал гэдгийг онцлон тэмдэглэв.
 
Мөн түүнчлэн “Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан бүтээгдэхүүн тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглах тусгай зөвшөөрөл”-ийн ил тод, олон нийтэд хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор квот, зөвшөөрлийн системийг цахим хэлбэрт шилжүүлэх талаар БОАЖЯ-аас дэмжин ажиллаж байгаа гэдгийг тодотгов.
2021-06-28 15:27:57