• (+976) 11-312458
  • mongolia.ozone@gmail.com
АНУ-ын ерөнхийлөгч Жое Байден Озон задалдаг бодисын тухай Монреалийн протоколын Кигалийн нэмэлт өөрчлөлтийг батламжлах захирамжид гарын үсэг зуржээ
2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр АНУ-ын ерөнхийлөгч Жое Байден дэлхийн дулааралд үлэмж нөлөөтэй гидрофторт нүүрстөрөгч (ГФН/HFC) төрлийн хөргөх бодисыг үе шаттай бууруулах Озон задалдаг бодисын тухай Монреалийн протоколын Кигалийн нэмэлт өөрчлөлтийг батламжлах тухай захирамжид гарын үсэг зурлаа. 
 
Монреалийн протоколын Кигалигийн амлалт нь шинэ ерөнхийлөгчийн уур амьсгалын асуудлыг даван туулах өргөн цар хүрээтэй гүйцэтгэх арга хэмжээний нэг юм. Энэ нь уур амьсгалын асуудлыг АНУ-ын гадаад бодлого болон үндэсний аюулгүй байдалд эн тэргүүний асуудал болгохыг зорьж байгаа ба АНУ-ын Засгийн газар уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар ажлын байр бий болгох, дэд бүтцийг хөгжүүлэх болон хүрээлэх орчны эрх тэгш нөхцөл бүрдүүлэх үйл хэргийг хэрэгжүүлэх үүрэг хүлээж байгаа аж. 
 
Цагаан ордны албан ёсны мэдэгдэлд АНУ болон дэлхий даяар уур амьсгалын ноцтой хямрал нүүрлэж байгааг мэдээлсэн. Уур амьсгалын асуудлаас үүдэх аюулт нөлөөллөөс зайлсхийх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх боломжийг ашиглахын тулд бидэнд дотоодод болон гадаад шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх хугацаа маш бага байгааг мөн дурдлаа. Дотоодын үйл ажиллагаа нь дэлхий нийтийн үйл ажиллагааг мэдэгдэхүйц сайжруулахад чиглэсэн АНУ-ын олон улсын манлайлалтай зэрэгцэн хэрэгжих шаардлагатай. Мөн бид хамтдаа цаг үетэйгээ нийцүүлэн шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллийг сонсох ёстой хэмээжээ. 
 
Ингээд уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрт эргэн нэгдэх, байгаль орчны стандартын өмнөх “хор уршиг”-ийг нэн даруй хянах зэрэг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх яаралтай арга хэмжээ авах талаар ерөнхийлөгч Ж.Байдены амлалт захирамжаар хэрэгжиж эхэллээ. 
Дэлхийн дулааралд үлэмж нөлөө бүхий энэхүү бодисыг ихээр ашигладаг хөргөлт, агааржуулалтын салбарт онцгой ач холбогдол бүхий энэхүү захирамж нь одоогоор дэлхийн 112 улс орон батламжлаад буй Монреалийн протоколын Кигалийн нэмэлт өөрчлөлтөөр хүлээх үүргийг багтаасан болно. 
Уг захирамжид: “Төрийн нарийн бичгийн дарга энэхүү захирамж гарсан өдрөөс хойш 60 хоногийн дотор гидрофторт нүүрстөрөгч (ГФН/HFC)-ийн үйлдвэрлэл, хэрэглээг үе шаттай бууруулах Озон задалдаг бодисын тухай Монреалийн протоколын Кигалийн нэмэлт өөрчлөлтийг батламжлах тухай Сенатын зөвлөмж, зөвшөөрлийг хүссэн баримт бичгийг бэлтгэх” шаардлагатай хэмээжээ. 
 
Монреалийн протоколын Кигалийн нэмэлт өөрчлөлтийг дэлхийн гурван томоохон хэрэглэгч болох БНХАУ, Энэтхэг болон АНУ-ууд хараахан батламжлаагүй байгаа хэдий ч АНУ батламжилснаар бусад улс орнууд мөн ижил арга хэмжээ авахад түлхэц болно гэж үзэж байна. 
 
Эх сурвалж: https://www.coolingpost.com/world-news/biden-orders-us-ratification-of-kigali/
 
Жич: Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 сарын 30-ны өдрийн хуралдаанаар Монреалийн протоколын Кигалийн нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн орох тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон болно.
2021-06-28 15:23:01