• (+976) 11-312458
  • mongolia.ozone@gmail.com
Дэлхий нийтээр озоны давхаргад нөлөөгүй болон дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар багатай хөргөлтийн технологит шилжиж байгаа энэ үед тулгарч буй асуудал болон ач холбогдлын талаар

ГХФН-ийн хэрэглээг зогсоох болон ГФН-ийн хэрэглээг бууруулах үйл ажиллагаа нь дэлхийн чиг хандлагыг озоны давхаргад нөлөөгүй болон дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар (ДДНЧ) багатай технологит чиглүүлж байна. Зах зээлд нэвтэрч буй уг ДДНЧ багатай хөргөх бодисын технологи нь хэрэглээнээс шалтгаалан шатамхай, хортой болон өндөр даралттай гэх мэт асуудалтай байдаг. Тиймээс уг технологийн нэвтрүүлэхийн тулд дараах сорилтуудыг давах хэрэгтэй:

 

  • ДДНЧ багатай технологид таарсан стандарт болон кодын хангалтгүй байдал
  • ДДНЧ багатай технологийн талаарх эцсийн хэрэглэгчдийн мэдлэг дутмаг байдал
  • ДДНЧ багатай технологийг ашиглах болон аюулгүй ажиллагааны талаарх засвар үйлчилгээний салбарын чадвар дутмаг байдал юм.

Нэг талаас зөвхөн тодорхой зориулалтаар ашиглах боломжтой олон төрлийн хөргөх бодисууд, нөгөө талаас орлуулах бодисууд нь өндөр даралттай, хортой, шатамхай зэрэг шинж чанартай учир төхөөрөмжийн үйл ажиллагаанд бэрхшээл учруулах, хөргөлт, агааржуулалтын салбарыг удирдахад улам нарийн түвэгтэй болж буй бөгөөд тоног төхөөрөмжийг угсрах, суурилуулах, ашиглалтын явцад үзлэг, засвар үйлчилгээ хийх, тоног төхөөрөмжийг устгаж хаяхад  хөргөлт, агааржуулалтын засвар, үйлчилгээний салбарын чадамж чухал асуудал болоод байна. Хөргөлт, агааржуулалтын засвар, үйлчилгээний салбарыг дэмжих тогтвортой систем бий болгох нь эргээд орлуулах технологийг аюулгүй, хурдан нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

Хөргөлт, агааржуулалтын систем нь цахилгаан эрчим хүчний томоохон хэрэглэгч бөгөөд асар их хөрөнгө оруулалтын төлөөлөл юм.  Монгол Улсын холбогдох стандартын дагуу эдгээр системийн хэвийн ажиллагааг хангахын тулд хөргөх бодисын алдагдлыг багасгах, эрчим хүчний зарцуулалтыг хамгийн боломжит бага хэмжээнд байлгах замаар озон задалдаг бодисын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах боломжтой. Хөргөх бодисын ялгарлаас дэлхийн дулааралд үзүүлэх шууд нөлөө, эрчим хүчний зарцуулалтаас үүдэлтэй нүүрстөрөгчийн давхар исэл (CO2)-ийн ялгарлаас үүсэх шууд бус нөлөөлийг бууруулна. Энэхүү сайн арга туршлагыг хэрэгжүүлсний үр дүнд гидрохлорфторт нүүрстөрөгч (ГХФН/HCFC)-ийн төрлийн бодисын хэрэглээг капитал хөрөнгө оруулалт шаардалгүйгээр, зардал багатайгаар бууруулах боломжтой гэж үзэж байна. Мөн озон-уур амьсгалд сөрөг нөлөөгүй орлуулах технологид үе шаттайгаар шилжихэд туслах ба чанар, аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудлыг сайжруулах боломжтой.

 

2023-06-23 17:19:59