• (+976) 11-312458
  • mongolia.ozone@gmail.com
Ярилцлага: Озоны давхаргыг хамгаалахад хүн бүрийн хандлага чухал нөлөө үзүүлнэ

Хүн төрөлхтөний өмнө тулгамдаж буй экологийн асуудлуудын нэг болох Озоны давхаргын цоорлын тухай БОАЖЯ-ны Озоны үндэсний албаны захирал, профессор Ц.Адъяасүрэнгийн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

- Олон нийтэд  ярилцлагаа илүү энгийн, ойлгомжтой хүргэх үүднээс Озоны давхарга хэрхэн оршдог талаар эхлээд тайлбарлуулъя?

- Дэлхийн агаар мандалд маш бага хэмжээтэй оршдог энэхүү хийний 90 орчим хувь нь  дэлхийн гадаргаас дээш давхраат мандалд 10-50 километр өндөрт байрладаг. Озоны давхарга нь нарнаас ирж буй хэт ягаан туяаг шүүж, хүн байгалийг хамгаалж байдаг учир “сайн озон” гэж нэрлэдэг.

Озон нь хүчилтөрөгчийн гурван атомоос тогтсон молекулыг хэлээд байгаа юм. Өнгөгүй, үнэргүй хий л дээ. Харин озон нь хүн болон дэлхийн эко системд үзүүлэх нөлөөллөөрөө хоёр өөр ангилалд багтана. Озоныг сайн, муу гэж хоёр ангилж болно. Сайн нь дээр дурдсан хүн, амьд ертөнцийг  нарны хэт ягаан хортой туяанаас хамгаалах хуяг болсон давхраат мандлын озон юм. Харин муу озон  гэдэг нь утаа үүсгэх боломжтой, газрын гадарга орчмын агаарыг  бохирдуулагч озон юм.

- Сайн озоноо хамгаалах, муу озоныг ялгаруулахгүй байхын тулд яах ёстой вэ?

- Үүнийг тайлбарлахын тулд эхлээд Озоны цоорхой гэж юу вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Эрдэмтэд 1970-аад оны дундуур дэлхийн бөмбөрцөгийн өмнөд туйл дээрх озоны давхарга цоорч, нимгэрч байгааг анх олж тогтоосон. Улмаар түүний учир шалтгааныг хайх болсон. Үүний эцэст давхраат мандлын озоны давхаргын задрал нь үйлдвэрийн аргаар 1920-иод оноос гарган авч хөргөлт, агааржуулагч, тусгаарлагч хөөсөнцөр хавтангийн үйлдвэрлэл гэх мэт эдийн засаг, нийгмийн  олон салбарт эрчимтэй ашиглаж эхэлсэн хлортфторт нүүрстөрөгч / ХФН/CFC/ төрлийн бодисоос үүдэлтэйг олж тогтоосон. 

Иймээс озоны давхаргыг задалдаг бодисоос татгалзах, орлуулах өөр төрлийн бодисыг эрэлхийлэх болсон. Учир нь тэр чигээрээ яваад байвал хүн  болон амьд орчин нарны хэт ягаан туяанд хордоно. Озоны давхарга нимгэрэх тусам л өнөөх хэт ягаан туяаны хор биднийг бүрхэнэ. ДЭМБ-аас гаргасан судалгааг хэлье. Озоны хэмжээ нэг хувь багасвал хорт хавдрын тохиолдол хоёр хувь өснө. Нарны хэт ягаан туяа нэг хувь нэмэгдвэл хүнсний үйлдвэрлэл 10 хувь буурна. Цаашлаад озоны давхарга нимгэрэхийн хэрээр дархлааны системийг дарангуйлж байдаг. Нүд гэмтэнэ, арьсны хорт хавдар нэмэгдэх гээд маш олон төрлийн үр дагаврууд илэрч байдаг.

“ОЗОНЫ ЦООРХОЙ 28 САЯ АМ.КМ ЦООРСОН БАЙСНЫГ ЭРДЭМТЭД ТОГТООСОН”

- Нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг сайн озоноо хамгаалахын тулд биднээс шалтгаалах юу байж болох вэ?

- Эхлээд озон задалдаг бодисуудын талаар ойлголттой болох хэрэгтэй. Улмаар тэдгээрийг орлуулах бодис, хэрэглээний тухай тодорхой хэмжээний мэдлэгтэй байх ёстой. Тухайлбал, ахуйн болон худалдаа үйлдвэрлэлийн хөргөлт, барилга ба машины агааржуулалтын салбарт  ашиглагдаж буй хөргөлтөд озон задалдаг бодис ордог гэдгийг мэдэх хэрэгтэй. Мөн аэрозоль шүршигч, цэвэрлэх уусмал, гал унтраагуур, үнэртүүлэгч хий зэрэгт озон задалдаг бодис ордог. Иймээс дэлхий нийтээрээ дээрх бодисоос татгалзах, улмаар орлуулагч бодисыг эрэлхийлж, орчин үед байгаль дэлхийд сөрөг нөлөөгүй, экологид ээлтэй технологийн шийдлүүдийг нэвтрүүлсээр байна.

Бид ч гэсэн дэлхий нийтийн энэ хөгжилтэй хөл нийлүүлж, аль болохоор экологид ээлтэй сонголтуудыг хийх хэрэгтэй болчихоод байгаа юм. Жишээ нь, хөргөгч худалдан авахаар зэхэж байгаа бол озон задалдаг бодис ашиглагдсан эсэхийг нь лавлаж, сонголтоо хийх хэрэгтэй. Ингэхийн тулд таних тэмдэг, бодисын нэршлийг нь мэдчих. “Озон задалдаг бодисын тухай Монреалын протокол”-ыг 1987 онд баталсан байдаг. Гол зорилго нь Озон задалдаг бодисын үйлдвэрлэл, хэрэглээг хянах буюу үе шаттайгаар бууруулж, хэрэглээнээс хасах, дэлхийн дулааралд үлэмж их нөлөөтэй хүлэмжийн хийнүүдийн үйлдвэрлэл хэрэглээг үе шаттай бууруулахад оршиж байгаа юм. Цаашлаад озон задалдаг бодисын хэрэглээг улс орнуудад хатуу үүрэг өгч,  тусгай хуваарийн дагуу бууруулах ажлыг зохион байгуулахад Монреалын протоколын гол зорилго оршиж байгаа юм.

Энэ хүрээнд озон задалдаг бодисыг хэрэглээнээс гаргах гурван үе шаттай шилжилтүүдийг амжилттай хийж байна. Тодруулбал, Хлорфторт нүүрс төрөгчүүдийг 2010 онд хэрэглээнээс гаргасан. Харин 2030 он гэхэд Гидро хлор фторт нүүрстөрөгчүүдийг хэрэглээнээс хасахаар зорьж байна. Одоогоор хлор саармагжсан бодисуудыг үйлдвэрлэлд хэрэглэсээр байгаа ч 2024-2045 он гэхэд гидро фторт нүүрстөрөгчүүд буюу хлоргүй бодисыг ашиглахаар зорьж байна.

- Озоны давхаргыг цоол­­дог гол бодисуудаас дэлхий даяараа татгалзаж байгаа юм байна. Үр дүнг нь тодорхойлох боломж байгаа юу?

-Байлгүй яахав. Озоны цоорхой 28 сая ам.км цоорсон байсныг эрдэмтэд тогтоосон. 28 сая ам.км гэдэг бол БНХАУ-ын нийт нутаг дэвсгэрээс гурав дахин их буюу тийм их том цоорол үүссэн байсан гэсэн үг. Дэлхий нийтийн хүчин чармайлтын үр дүнд энэ цоорол жилээс жилд багассаар байна. Хэрвээ бид Озоны цоорол үүсгэдэг бодисоос бүрэн татгалзаж чадвал 2065 он гэхэд цоорол бүрэн нөхөгдөнө гэсэн судалгаа бий. Тэр бүх үйл хэрэгт Монгол Улс ч хамтран зүтгэх үүрэгтэй. Манай Озоны үндэсний албаны гол хийх ажил үүнд чиглэгддэг гэсэн үг.

- Озоны давхаргыг хам­гаа­лахад манай улс ямар хэмжээнд оролцож байна вэ?

 

Ярилцлагын дэлгэрэнгүйг:

https://news.zindaa.mn/46fz?fbclid=IwAR1SXDQwAQSkmgQM-E8UYFXbhF2Ai2QcHhd2BE8Q5c_ijuxx_OItmbFrhU4

2022-12-05 10:42:57