• (+976) 11-312458
  • mongolia.ozone@gmail.com
НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ИЛГЭЭЛТ

 

НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ИЛГЭЭЛТ 

--

ДЭЛХИЙН ОЗОНЫ ДАВХАРГЫГ ХАМГААЛАХ ӨДӨР

2022 оны 9 дүгээр сарын 16

 

Өнөөдөр бид озон задалдаг бодисын тухай Монреалийн Протокол амжилттай хэрэгжиж эхэлсний 35 жилийн ойг ёслон тэмдэглэж байна. Монреалийн Протокол нь уур амьсгалыг дулааруулах нөлөөтэй  синтетик химийн бодисын нөлөөллөөс давхраат мандлын озоны давхаргыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг болно. Энэхүү олон улсын гэрээ нь озоны давхаргын цоорхойгоор нэвтэрч буй Нарны хэт ягаан туяанаас үүдэн хүн төрөлхтний эрүүл мэндэд учирч болох томоохон аюулаас хамгаалж байдаг билээ.

Бид бүгдийн өмнө тулгарч буй экологийн энэхүү аюулыг шинжлэх ухааныхан анх олж илрүүлж, улмаар улс орнуудын засгийн газар тэдний хамтрагч байгууллагууд хүчин чармайлт гаргасны үр дүнд Монреалийн Протокол ийнхүү амжилт олсон юм. Дэлхий нийтээр байгаль орчны энэхүү олон улсын гэрээг соёрхон баталж, эрс шийдэмгий хэрэгжүүлж чадсан нь гайхамшигт ололт болно.

Монреалийн Протокол нь олон талт дипломат үйл ажиллагааны хүчирхэг жишээ болж байгаагаараа онцлог юм. Элдэв янзын мөргөлдөөн, хүн амын ядуурал улам бүр нэмэгдэж, тэгш бус байдал гүнзгийрч, уур амьсгалын өөрчлөлтийн аюултай нөхцөл байдал гүнзгийрэх гэх мэт олон тулгамдсан асуудал тулгарч буй энэ үед хүн төрөлхтөн нийтийн ашиг сонирхлын төлөө хамтдаа хүчин чармайлт гаргаж чадвал амжилтад хүрдэг гэдгийг Монреалийн Протоколын хэрэгжилтийн жишээ тодоор харуулж байна.

Монреалийн Протокол уур амьсгалын өөрчлөлтийг саармагжуулах үйлсэд аль хэдийн хувь нэмрээ оруулсаар байна. Ногоон ургамлыг хэт ягаан туяанаас хамгаалан тэдгээрийн амьдрах орчныг бүрдүүлж, нүүрстөрөгчийг шингээснээр дэлхийн дулаарал цельсийн 1 хэм хүртэл нэмэгдэхээс сэргийлэх боломж бүрдүүлж байна. Монреалийн Протоколын Кигалийн нэмэлт, өөрчлөлтөөр дамжуулан уур амьсгалын өөрчлөлт болон дэлхийн дулаарлыг бий болгогч хүлэмжийн хийг үе шаттайгаар бууруулж, эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлснээр уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй аюулыг сааруулах боломжтой болох юм.

Манай гарагийг хурдацтай дулааруулж буй нүүрстөрөгчийн бохирдлыг зогсоох цорын ганц арга зам бол Монреалийн Протоколын хүрээн дэх олон улсын хамтын ажиллагаа, шуурхай арга хэмжээний үр дүнгээс бусад үйл ажиллагаанууд үлгэр дуурайлал авах хэрэгтэй юм. Бидний өмнө хамтран ажиллах, зохистой арга хэмжээ авах эсвэл хамтдаа сүйрэх сонголт л хүлээж байна.

Дэлхийн озоны давхаргыг хамгаалах энэхүү өдрөөр бид уур амьсгалын өөрчлөлт болон бидэнд тулгарч буй нийтлэг сорилтуудыг даван туулахын тулд Монреалийн Протоколын хэрэгжих явцдаа үлгэрлэж чадсан хамтын ажиллагааны жишиг дуурайллыг бэхжүүлэхийн төлөөх нийтлэг уриалгыг дэвшүүлж байна. Мөн Монреалийн Протоколоор хэрэгжүүлж буй чухал ажил үйлсээ цаашид улам үргэлжлүүлэн дэмжихийг хүсэн ерөөе.

***

 

2022-09-15 15:00:00